Хоршоодын хүртээмж орон нутагт илүү жигд байна
Дэлхийн банк, ОУВС, Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг (AFI) зэрэг байгууллагын тодорхойлсноор, санхүүгийн хүртээмж гэдэг нь хүн ам хэрэгцээ шаардлагадаа нийцсэн, өртөг зардал хямд, төрөлжсөн санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг тэгш, ил тод байдлаар хүртэх боломж юм. Монгол Улсын хүн амын болон уламжлал заншил, аж ахуйн онцлогоос хамааран санхүүгийн хүртээмжийг өргөжүүлэхэд хамгийн тохиромжтой хэлбэр нь Хадгаламж, зээлийн хоршоо (ХЗХ)-ны салбар болохыг Хороо үйл ажиллагааны туршлага, судалгаанд тулгуурлан дүгнэж, хоршоодын тархалтыг нэмэгдүүлэх бодлого баримтлан ажиллаж байна.
2017 оны эцсийн байдлаар улсын хэмжээнд нийт 290 ХЗХ үйл ажиллагаа явуулж байгаагийн 192 нь нийслэлд байна. Бусад 98 ХЗХ нь 21 аймгийн 68 суманд ажиллаж байгаа юм. Эдгээрээс хамгийн олон нь Баруун бүс буюу нийт 400,978 хүн амтай Завхан, Говь Алтай, Баян-Өлгий, Ховд, Увс аймгуудад байна. Тус бүсэд хүн амын 2,1 хувь нь 32 ХЗХ-нд гишүүнчлэгддэг. Аймгуудаас Баян-Өлгий, Орхон аймагт тус бүр 12 ХЗХ үйл ажиллагаа явуулж байгаа бол Сэлэнгэ, Говьсүмбэр аймгууд ганц ганцхан ХЗХ-той байна.
ХЗХ-дын тоо жил тутам тодорхой хэмжээгээр өссөөр байгаа ч байршлын хувьд жигд бус тархалттай байгаа нь анхаарал хандуулах асуудал хэвээр байна. Нийт хоршоодын 33 хувийг эзэлж буй аймаг, орон нутгийн хоршоодод хөдөөгийн хүн амын 1.23 хувь нь гишүүнчлэгдэж байгаа бөгөөд бүсээр ангилж үзвэл Улаанбаатар хотынхоос илүү жигд тархах хандлагатай байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ