Эдийн засгийн коридорыг энгийнээр хүлээн авах уу?

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ төрийн тэргүүн нарын хуралдаан жил бүр болдог уламжлалтай билээ. Харин энэ жил ШХАБ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг БНХАУ-д болох энэхүү уулзалтдаа урьжээ. Тэгвэл “шинэхэн” ерөнхийлөгч маань энэхүү ач холбогдолтой уулзалтад юуг анхаарвал зохих вэ?

Анх Монгол Улс Ази-Номхон далайн бүс нутагт өрнөж байгаа улс төр, эдийн засгийн үйл явцад идэвхтэй оролцох гадаад бодлогын зорилтын хүрээнд ШХАБ-ын бүс нутгийн олон талт хамтын ажиллагаанд оролцох нэг чухал суваг гэж үзэн 2004 онд тус байгууллагад ажиглагчийн статустай болсон байдаг.

Ажиглагчийн статустай болсон үеэсээ Монгол Улс ШХАБ-ын гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нарын уулзалтад тогтмол оролцохыг эрмэлзэж ирсэн. Манай улсын хувьд Шанхайн хамтын ажиллагааны байгууллага бол хамтын ажиллагаа гэдэг утгаараа манай улсын хөгжил дэвшлийн гадаад таатай орчныг бүрдүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа “Эдийн засгийн коридор”-ыг байгуулахад ач холбогдолтой юм.

Ази-Европыг холбосон хамгийн дөт авто зам, төмөр замын замнал нь Монгол Улсаар дамжин өнгөрдөг. Хятад-Орос, Ази-Европын хооронд хийх худалдааны бараа эргэлтийн хэмжээ үлэмж хэмжээгээр нэмэгдэж байгаа өнөө үед Монгол Улс өөрийн газар зүйн давуу талыг ашиглан хоёр хөршийнхөө хооронд хийх худалдаа тээвэрлэлтэд оролцох хэрэгтэй юм. Мөн түүгээр зогсохгүй хөршүүдтэйгээ хамтран Ази-Европын хооронд тээвэрлэж буй ачаа тээврийн урсгалыг манай улсыг дамнасан байдалтай өнгөрүүлэх, бүс нутгийн ложистикийн сүлжээнд идэвхтэй нэгдэх нь чухал.

Манай улсын хувьд тээврийн зардлын хэмжээг бууруулах шаардлагатай байгаа. Тээврийн өртөг бусад орнуудаас 4-5 дахин өндөр. Эдийн засгийн коридорыг байгуулах гурван улсын хооронд 32 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тохиролцсон байдаг. Тодруулбал баруун, зүүн, хойд коридорын төмөр зам автозамын төслүүдийг ойрын хугацаанд хэрэгжүүлэх шаардлагатай юм.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ