Хөрөнгийн зах зээлд өсөлт гарч, 2011 оны түвшнээс давлаа

Манай улсын хөрөнгийн зах зээл дээр өнөөдрийн байдлаар гурван арилжаа эрхлэгч ажиллаж байна. Эдгээрийн нэг нь Хөдөө аж ахуйн бирж буюу бараа бүтээгдэхүүний бирж, нөгөө хоёр нь үнэт цаасны биржүүд. Үнэт цаасны арилжаа эрхлэгч биржүүдийн үйл ажиллагааны үзүүлэлтийг ерөнхийд нь бүртгэлтэй хувьцаат компаниудын зах зээлийн үнэлгээгээр хэмждэг.

Төрийн өмчит, арилжаа эрхлэгч ууган байгууллага “Монголын хөрөнгийн бирж”-д бүртгэлтэй хувьцаат компаниудын зах зээлийн үнэлгээ 2017 оны жилийн эцсийн байдлаар 2.44 их наяд төгрөгт хүрлээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 962,12 тэрбум төгрөгөөр буюу 65,2 хувиар өссөн, улсын хэмжээнд эдийн засгийн өсөлт хамгийн их гарсан 2011 оныхоос 267,6 тэрбум төгрөгөөр давсан үзүүлэлт болж байна.

Тус бирж дээр шинээр тус бүр нэг хувьцаа, компанийн бонд амжилттай гарсан бол анхны үнэт цаасаа бүртгэж, анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаагаа эхлүүлсэн хувийн өмчит “Монголын үнэт цаасны бирж” ХХК дахь хувьцаат компанийн зах зээлийн үнэлгээ жилийн эцсийн байдлаар 3.9 тэрбум төгрөг хүрчээ.

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-д бүртгэлтэй хувьцаат компаниудын зах зээлийн нийт үнэлгээг үзүүлсэн бөгөөд “Монголын үнэт цаасны бирж” ХХК дахь хувьцаат компанийн үнэлгээ ороогүй.“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-д бүртгэлтэй хувьцаат компаниудын зах зээлийн нийт үнэлгээг үзүүлсэн бөгөөд “Монголын үнэт цаасны бирж” ХХК дахь хувьцаат компанийн үнэлгээ ороогүй.

Монголын хөрөнгийн зах зээл дээр бий болсон үндсэндээ 1.0 их наяд төгрөгт дөхөж очих хэмжээний дээрх өсөлт нь цэвэр дотоодын хөрөнгө оруулалтын нөлөөгөөр бий болсноороо онцлог юм. Өөрөөр хэлбэл, зах зээл идэвхжиж, үндэсний хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдсэн, компаниуд хөрөнгийн зах зээлийн давуу тал, олон нийтээс санхүүжилт босгохын үр өгөөжийг мэдэрсэнтэй холбоотой гарсан өсөлт бол бодит өсөлт гэж дүгнэж болно.

Зах зээлийн нийт үнэлгээ хамгийн өндөр түвшинд хүрсэн 2011 онд уг өсөлтийн дийлэнх хувийг уул уурхайн салбарт орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт эзэлж байсан бөгөөд дэлхийн зах зээл дээр эрдсийн бүтээгдэхүүний үнэ ханш унаж, дотоодод эдийн засаг хүндрэхэд гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ хасах хэмжигдэхүүнтэй болтлоо эрс буурсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ