Орхон аймгийн эдийн засаг 13.6 хувиар өсчээ

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2017” ажлын үр дүнг өнөөдөр танилцууллаа.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн удирдах зөвлөлийн дарга П.Цагаан "Улс орныхоо хөгжил салаа салбар эд эсийг олон улсын улсын жишгээр хэмжиж үзэх жишиг рүү орохоор хичээж байна. Монгол Улс өрсөлдөх чадвартай болох нь баян тансаг байхаас агуулгын хувьд өөр ойлголт. Улс ч бай аймаг ч бай хүн амаас бүрддэг.

Дэлхийн улс орнууд өөрсдийгөө маш олон үзүүлэлтээр хэмждэг. Хэмжсэн байдал дээрээ анализ дүгнэлт гаргадаг. Аймгуудыг 181 үзүүлэлтээр хэмжиж 6 дахь жилдээ тайлангаа тавьж байна.

Ямар аймаг нь яаж сайжирсан талаарх байдал тайланд дэлгэрэнгүй тусгагдсан байгаа. Аймгуудын тайлангийн 3/2 нь статистик мэдээлэл, 3/1 нь санал асуулгад тулгуурлаж явагддаг. Өнгөрсөн жилийн хувьд 5 аймгийн эдийн засаг үнийн дүнгээр өссөн. Харин 15 аймгийн эдийн засгийн үзүүлэлт буурсан байна.

Хамгийн дээд оноог Орхон аймаг авсан бөгөөд эдийн засаг нь 13.6 хувиар өссөн. Харин Өмнөговь аймгийн эдийн засгийн үзүүлэлт 0.7 хувиар буурсан. Дорнод аймгийн өрсөлдөх чадварын оноо нэмэгдэхэд чанаргүй зээлийн тоо буурсан, зээл авах боломж сайжирсан зэрэг нь нөлөөлсөн байна.

Сүхбаатар аймаг болон Өмнөговь, Ховд аймгийн өрсөлдөх чадварын оноо хамгийн ихээр буурсан. Өнгөрсөн жил бид нар Мөрөн хотод хангайн бүсийн өрсөлдөх чадварын чуулган хийсэн.

Энэ үеэр Хөвсгөл аймгийн хүн амын дундаж наслалт хамгийн богино байсан. Үүнд эмнэлгийн үйлчилгээ муу, эх нялхсын эндэгдэл их, ундны ус зэрэг нөлөөлсөн талаарх судалгаа гарсан байгаа.

Тайлангаар зөвхөн аймгуудыг хооронд нь харьцуулахаас гадна, тухайн аймгийг өмнөх оных нь үзүүлэлттэй харьцуулсан" гэв. Аймгуудын өрсөлдөх чадвар засаглалын тал дээр буурсан.

Азийн сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн орлогч Диана Фернандез "Сүүлийн 5 жилийн хугацаанд Азийн сангийн зүгээс Монгол Улсын аймгуудын эдийн засгийн өөрчлөлтийг харуулсан судалгааны тайланг дэмжин санхүүжүүлсээр ирсэн.

Өнгөрсөн жилүүдэд аймгууд дор бүрнээ өөрсдийн давуу талыг харуулж, өрсөлдөх чадвараа сайжруулах тал дээр маш сайн ажилласан.

Гэсэн хэдий ч аймгуудын өрсөлдөх чадвар засаглалын тал дээр буурсан байна" гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ