Төрийн банк 12 хувийн хүүтэй тэтгэврийн зээл олгож эхлэв
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан ахмад настанд учирч байгаа санхүүгийн дарамтыг бууруулах зорилгоор тэтгэвэр барьцаалсан зээлийн нөхцөлийг сайжруулж, хүүг бууруулах, хугацааг уртасгахад чиглэсэн арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх үүргийг хүлээсэн Төрийн банк жилийн 12 хувийн хүүтэй, хөнгөлөлттэй нөхцөл бүхий тэтгэврийн зээлийг улс орон даяар байрлах салбар нэгжээрээ дамжуулан олгож эхэллээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Төрийн банкны хооронд Тэтгэвэр барьцаалсан зээлийн нөхцөлийг сайжруулах зорилгоор хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын гэрээг байгуулсан юм. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд тэтгэврийн зээлийн хүүг бууруулж, 12 сар хүртэл хугацаатай, сарын 1 хувийн хүүтэй (жилийн 12,0%)-гээр Монгол орон даяар байрлах салбар нэгжээрээ дамжуулан Төрийн Банк олгож эхэлсэн байна.
Ингэхдээ тэтгэвэр авагчийн сарын тэтгэврийн 70 хүртэл хувьд зээлийн төлбөр нь багтаж байх нөхцөлтэй бөгөөд тэтгэврийн 30-аас доошгүй хувийг тэтгэвэр авагч нь сар бүр гар дээрээ авах боломжтой байхаар зохицуулсан нь ахмад настнуудыг хэт санхүүгийн дарамтад орохоос сэргийлэх нөхцөлийг бүрдүүлж буй юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ