Энэтхэгийн шигшээг Д.Мөнхбаяр дасгалжуулна

Барселона-1992, Бээжин-2008 зуны олимпийн наадмын хүрэл медальт, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой алт болон хүрэл медальт, Гавьяат тамирчин Д.Мөнхбаяр тун удахгүй Энэтхэгт түр төвхнөх гэж байна.

Өдгөө Германд амьдарч буй Д.Мөнхбаяр гавьяатад Рио-2016 олимпийн дараа Энэтхэгээс залуучуудын шигшээ багийг нь дасгалжуулах хүсэлт тавьжээ. Тэрбээр саналыг хүлээж аван, 2020 оны Токиогийн олимп хүртэл Энэтхэгийн мэргэн буучдыг дасгалжуулахаар болсны дагуу ажлаа эхлүүлжээ.

Гавьяат тамирчин Л.Мөнхбаяр “Барселона-1992” зуны олимпийн XXV наадмаас буудлагын төрлөөр хүрэл медаль хүртсэний 25 жилийн ойд зориулсан олимп, дэлхийн медальтнуудын нөхөрсөг тэмцээнийг сарын өмнө Монголдоо ирж, зохион байгуулсан.

Түүнд мөн энэ жил Монголын талаас мөн дасгалжуулагчаар ажиллах санал тавьжээ. Гэвч Энэтхэгийн талтай гэрээ байгуулж, ажил эхэлсний дараа санал ирсэн байна. Энэ талаар тэрбээр “Би одоо Энэтхэг улсын залуучуудын шигшээ багт дасгалжуулагчаар ажиллаж байна. Энэтхэгийн шигшээ багтай гэрээ байгуулсны дараа Монголоос санал тавьсан болохоор хүлээн зөвшөөрөх боломж байгаагүй.

Энэтхэгийн шигшээ багтай Токиогийн олимп хүртэл гэрээ байгуулсан. Германд амьдрангаа Энэтхэгт ирэн, очин тамирчдаа дасгалжуулдаг. Магадгүй, Токиогийн олимпийн дараа эх орондоо ирж, ажиллаж болох юм” хэмээн саяхан Монголд ирэх үеэрээ ярьсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ