С.Тулга: Монгол залуус багийн спортоор амжилт гаргаж чадна
ФИБА 3х3 /гурвын эсрэг гурав/ насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 27-29-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байна. Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Л.Мягмаржав "Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооноос Азийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо анх удаа зохион байгуулах гэж байна. Тус тэмцээнд 15 орны 27 баг тамирчид оролцох ба тэмцээнд оролцсоноор дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 2020 оны Токиогийн олимпд орох эрхийн оноо авах юм.
Тийм учраас бид өндөр ач холбогдол өгч, бэлтгэл ажлаа хангасан. Монгол Улс одоогийн байдлаар энэ төрөлдөө дэлхийд 34, Ази тивдээ 4-р байранд жагсаад байна" гэлээ.
Манай эрэгтэй шигшээ баг Азийн аваргын баг "А" хэсэгт Хятад, Бахрейны шигшээ багтай багтсан бол, эмэгтэй шигшээ баг "В" хэсэгт БНХАУ, Шри Ланк гэсэн улстай нэг хэсэгт багтжээ.Тэмцээнд оролцох багуудын чансаа, бэлтгэлийн талаар Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны шигшээ багийн дасгалжуулагч С.Тулга "Нийт 15 орны чадварлаг, дэлхийн аварга болж байсан, мөн тус төрлөөр медаль авсан, чансаа өндөртэй тамирчид ирнэ.
Монгол залуус багийн спортоор амжилт гаргах боломжийг бүтээж байна. Түүнчлэн бид эмэгтэй шигшээ багт илүү анхаарч байгаа. Тамирчид маань бага багаар чадваржиж, амжилт өөд тэмүүлсээр байна.
Урьдчилсан шатны А хэсэгт Туркменистан, Австрали, Малайз, "В" хэсэгт Тайван, Ливан, Энэтхэг орнууд тус тус өрсөлдөж, хэсгүүдийн тэргүүн баг Азийн аваргын хэсэгт орж цааш өрсөлдөнө" гэлээ.
Урьдчилсан шатны тоглолтууд аравдугаар сарын 27-ны өглөө 11:00 цагаас Crocus Event Hall-д болох ба дэлхийн 144 оронд шууд дамжуулан үзүүлэх юм байна.
ЗхЗ шигшээ багийн ахлагч Д.Дэлгэрням "Бид тавдугаар сараас эхэлж багаа бүрдүүлэн, Улаанбаатар Хангарьд нэртэйгээр олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй тэмцээн уралдаанд оролцож эхэлсэн. Азийн аварга шалгаруулах тэмцээндээ энэ бүрэлдэхүүнээрээ амжилттай оролцохын тулд багийнхан маань бэлтгэлээ сайн хангаж байгаа.
Тамирчин бидний зорилго төрийн далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэхэд оршдог.Тиймээс бид тэмцээндээ амжилт үзүүлэх болно" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ