Ерөнхийлөгч сагсан бөмбөгийн дасгалжуулагч, тамирчдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сагсан бөмбөгийн спортын дасгалжуулагч, тамирчдын төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзав.

Уулзалтад УИХ-ын гишүүн, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэ, Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбал, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, дасгалжуулагч С.Тулга, Монголынсагсан бөмбөгийн холбооны нарийн бичгийн дарга Б.Дамба, “3-ын эсрэг 3” дэлхийн лигийн тэмцээний шилдэг “Улаанбаатар Хангарьд” баг, Дэлхийн оюутны лигийн аваргазалуучуудын шигшээ багийн тамирчид оролцлоо.

Сагсан бөмбөгийн “3-ын эсрэг 3” төрөл нь 2020 оны Токиогийн олимпиос эхлэн олимпийн төрөлд багтаж байгаа бөгөөд үүнийг дэмжиж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сагсан бөмбөгийн спортын дасгалжуулагч, тамирчдыг хүлээн авч уулзан огцом тэсрэлттэй гаргаж ирж буй амжилтуудад нь баяр хүргэсэн юм.

Монголын сагсан бөмбөгчид сүүлийн 4-5 жилд бахархам олон амжилт гаргаж Ази тивдээ 5, дэлхийн 190 орноос богино хугацаанд 150 байраар огцом урагшилж 35 дугаар байрт эрэмбэлэгдсэн байна.

Хэдийгээр Монголын сагсан бөмбөгийн тамирчид ийм өндөр амжилттай байгаа ч үндэсний шигшээ баг байхгүй, цалингүй явж ирснийг уулзалтад оролцогчид хэлж байлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бодлогоо зангидах үүднээс нэг холбоо байх ёстойг онцлоод “Сагсан бөмбөгийн олон улсын тэмцээнүүдийг шууд дамжуулдаг эрхтэй болох нь чухал. Тэндээс бид тамирчдаа таньж, амжилтыг нь үнэлдэг болно. Нэгэнт сагсан бөмбөгийн“3-ын эсрэг 3” төрөл олимпийн төрөл болсон тул үндэсний шигшээ багаа байгуулах ёстой. Цөөхөн хүн амтай орны тамирчид тив, дэлхийд ийм амжилт гаргаж байгааг дэмжих ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд та бүхнийг дэмжиж ажиллана” гэлээ.

FIBA“3-ын эсрэг 3” Азийн аваргын тэмцээн зохион байгуулах нэр хүндтэй үүргийг монголчууд анх удаа аваад байгааг уулзалтад оролцогчидэнэ үеэр онцолж байлаа.Энэ сарын 27-29-ний өдрүүдэд Улаанбаатарт 2020 оны олимпийн эрхийн оноо олгох “3-ын эсрэг3” сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна. Тус тэмцээнд 2014 оны дэлхийн аварга Катарын шигшээ багаас гадна 3х3 сагсан бөмбөгийн шилдэг багуудын нэг далайн орнуудын Австрали, Шинэ Зеландын шигшээ баг анх удаа олимпийн эрхийн төлөө өрсөлдөх юм байна. Ази тивээс Япон, БНХАУ, Казахстан, Туркменистан, Киргиз, Хятадын Тайвань, Малайз, Ливан, Энэтхэг, Бахрейн, Монгол зэрэг орны эрэгтэй, эмэгтэй баг оролцохоор болжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг уг тэмцээнийг үзэж сонирхохыг дасгалжуулагч, тамирчид уулзалтын үеэр урьсан юм.

Уулзалтын дараа дасгалжуулагч, тамирчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн хамт Есөн хөлт цагаан тугт танхимд дурсгалын зураг татуулав.




СЭТГЭГДЭЛ БИЧИХ