И.Отгонбаяр дасгалжуулагч зэрэглэл ахилаа

Азийн хөлбөмбөгийн холбооны дасгалжуулагчдын тэргүүн дээд “А” ангиллыг хүртсэн анхны монгол дасгалжуулагч И.Отгонбаярт МХБХ-ны ерөнхийлөгч сертификатыг нь гардуулж өглөө.

Монгол улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн албыг 1997-2010 оны хооронд хашсан И.Отгонбаяр өнгөрөгч нэгдүгээр сарын 04-31-нд Тайландын нийслэл Бангкок хотод АХБХ-ны “А” ангиллын сургалтад сууж, тэнцсэнээр албан ёсоор “А” ангиллын сертификатаа гардан авав. Монгол улсад АХБХ-ны “С ангилал”-тай 56, “В ангилал”-тай 31 дасгалжуулагч байдаг бол И.Отгонбаяр “А ангилалт”-тай анхны дасгалжуулагч болж байгаа нь энэ юм.

Дашрамд дурьдахад, АХБХ-ны “А ангилал”-ын дасгалжуулагчийн сургалтын эхний шат өнгөрөгч дөрөвдүгээр сарны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан. Сургалтын хоёр дахь шатны тов гараагүй байгаа ч Монголын шилдэг дасгалжуулагчдын оролцож буй тэрхүү сургалтаас дараа дараагийн “А ангилал”-тай дасгалжуулагчид төрөх боломжтой байгаа.

АХБХ-ны “А ангилал”-тай анхны Монгол дасгалжуулагч И.Отгонбаяр: “Би 1978 оноос хойш хөлбөмбөгтэй амьдралаа холбоод явж байна. Дасгалжуулагчийн боловсролыг анх Украйн улсад эзэмшээд 1997 онд анхны АХБХ-ны “С ангилал” 2001 онд “В ангилал” дасгалжуулагч болж байсан туршлага дээрээ үндэслэж, энэ жил “А ангилал”-тай дасгалжуулагч боллоо. Дасгалжуулагч хүний хүрэх ёстой оргилуудыг нэг бол АХБХ-ы “А ангилал” хэдий ч энэ нь нэг хүнд өгсөн шагнал биш. Үүгээр дамжуулж тухайн улсын дасгалжуулагчид өндөр түвшинд хүрээсэй гэсэн том зорилт. Тиймээс манай улс АХБХ олон С, В, А ангиллын дасгалжуулагчтай байвал хөлбөмбөгийн хөгжил хурдсаж олон улсын тавцанд төдий чинээ хурдан гарна. Үүний ч төлөө МХБХ ажиллаж дасгалжуулагчийн олон сургалт явуулж, энэ жилийг “Дасгалжуулалтын жил” болгон зарлаад байна.

Дасгалжуулагч хийнэ гэдэг ганцхан сургалтад суугаад болчихдог зүйл биш. Маш их цаг зав, хичээл зүтгэлийг зориулж байж дасгалжуулагч болдог. Намайг 1997-2010 он хүртэл шигшээ багийн дасгалжуулагч хийж байхад нөхцөл байдал одоогийнхоос тэс өөр байсан. Зах зээлтэйгээ холбогдоод юм өөр байсан одоогийн удирдлагууд хийж буй ажил, шигшээ багуудын оролцож буй тэмцээний тоо зэрэг нь хөлбөмбөгийн хөгжил өндөр түвшинд хүрсний илрэл гэж харж байна. Есөн насны шигшээ багтай болж, футзалын залуучуудын шигшээ баг Азийн АШТ-ий шөвгийн наймд үлдлээ. Энэ бүгд эргээд дасгалжуулагчийн ажилтай холбогдоно.” гэдгийг хэлээд залуу хойч үеийг бэлдэх дасгалжуулагчдадаа амжилт хүслээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ