Чөлөөтийн тамирчид долоон медаль хүртлээ
Чөлөөт бөхийн Цэргийн ДАШТ энэ сарын 20-23-нд Литвын Клайпеде хотод болж өндөрлөлөө.
Монголын зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны есөн тамирчин эх орноо төлөөлөн оролцож, хоёр алт, таван хүрэл медаль эх орондоо авчрав.
Эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд ОУХМ Ганбаатарын Отгонжаргал, 63 кг-д Пүрэвдоржийн Орхон алтан медалийн эзэн болсон. Тэд Монголын чөлөөт бөхийн тамирчдаас цэргийн дэлхийн аваргад түрүүлсэн тав, зургаа дахь тамирчин болсон юм.
Эрэгтэйчүүдийн 65 кг-д спортын мастер Ганхуягийн Ханбүргэд, эмэгтэйчүүдийн 55 кг-д ОУХМ Бат-Оршихын Болор-Эрдэнэ, 58 кг-д спортын мастер Нансалмаагийн Лхагвадулам, 60 кг-д Пүрэвхүүгийн Шинэхүү, 75 кг-д Пүрвээгийн Номин-Эрдэнэ нар хүрэл медаль хүртэв. Харин эрэгтэйчүүдийн 74 кг-д Б.Бямбадорж, эмэгтэйчүүдийн 69 кг-д Пүрэвжавын Сүрэн нар хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдаж тавдугаар байрт орсон юм.
32 дахь удаагийн тэмцээнд Монгол, АНУ, ОХУ, Иран, Азербайжан, Армен, Бельги, Беларусь, Грек, Гүрж, Албани, Алжир, Тунис, Нигери, БНХАУ, БНСУ, Франц, Польш, Швейцарь, Румын, Финланд, Украин, Энэтхэг, Эстони, Латви, Литва гэсэн 26 орны “Арми”-ийн тамирчин өрсөлдлөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ