Азийн аваргын төлөөх тэмцээн өндөрлөлөө
Ирэх онд Малайз улсад зохиогдох Азийн 16 хүртэлх насны АШТ-ий эрхийн төлөөх “I хэсэг”-ийн тоглолтууд Монголын Хөлбөмбөгийн Холбооны цэнгэлдэх хүрээлэнд тав хоногийн турш амжилттай явагдлаа.
“I хэсэг”-ээс Австралийн шигшээ баг есөн оноо, нэмэх 16 бөмбөгний зөрүүтэй 100 хувийн амжилттайгаар цааш шалгарлаа. Харин Вьетнамын баг хоёрдугаар байраар шалгарсан ч бусад есөн хэсгийн хоёрдугаар байрын багуудын онооноос хамаарч хасагдах шатанд шалгарах эсэх нь тодорхой болно. Хасагдах шатны эрх авч чадаагүй манай шигшээ Камбож улсын багтай тоглож, эн тэнцүү тоглолт үзүүлсэн ч 3:2-оор хожигдсон.
Манай шигшээ багийн Э.Тэмүүлэн хоёр гоолыг оруулж, хөвгүүд маань эцсээ хүртэл тэмцсэн ч гурван тоглогч бэртэж, төлөвлөгдөөгүй сэлгээ хийгдсэний улмаас ялагдал хүлээлээ. Гэхдээ энэ тэмцээний хожигдлууд, ирээдүйд хэрэгтэй туршлага болсон гэдэгт эргэлзэхгүй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ