П.Орхон цэргийн Дэлхийн аварга боллоо
ОУХМ П.Орхон энэ жилийн найм дахь дараалсан түрүүгээ хүртэж, Литвийн Клайпеда хотод болж буй 32 дахь удаагийн цэргийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аварга боллоо. Тэрбээр 2014 онд тус тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан юм.
П.Орхон чөлөөт бөхийн төрөлд цэргийн ДАШТ-д түрүүлсэн Монголын зургаа дахь тамирчин болж байна. Түүнээс өмнө Гавьяат тамирчин Г.Мандахнаран, С.Цэрэнчимэд, ОУХМ Н.Лхамгармаа, О.Үйтүмэн нар 2014 онд, Г.Отгонжаргал энэ удаагийн тэмцээнд түрүүлсэн билээ.
2017 онд түрүүлсэн тэмцээнүүд
- Монгол Улсын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнн, алт
- Иван Ярыгины алтан гран пригийн алт
- Оюутны Улсын аваргын алт
- Монголиа Опен тэмцээний алт
- Польшийн нээлттэй тэмцээний алт
- Испанийн Мадридын гран пригийн алт
- Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль хүртээд буй
П.Орхон цэргийн ДАШТ-д түрүүлсэн ч энэ жил анхны ялагдлаа амссан. Түүний жинд таван бөх тойргоор барилдсан бөгөөд П.Орхон хоёрдугаар тойрогт 2014, 2016 оны цэргийн ДАШТ-ий мөнгөн медальт БНХАУ-ын Жиа Липинд оноогоор ялагдсан ч Беларусь, АНУ, Украины бөхчүүдийг цэвэр ялж, түрүүлэх болзол хангасан.
Өчигдөр барилдсан манай бөхчүүдээс эмэгтэйчүүдийн 58 кг-д спортын мастер Н.Лхагвадулам, 60 кг-д спортын мастер П.Шинэхүү нар хүрэл медаль хүртлээ. Харин эрэгтэйчүүдийн 74 кг-д спортын мастер Б.Бямбадорж хагас шигшээд ДАШТ-ий алт, мөнгөн медальт ОХУ-ын Хетик Цаболовт, хүрэл медалийн төлөөх барилдаанд өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн Азийн аварга, оюутны дэлхийн хошой аварга Ираны Реза Афзали нарт ялагдснаар тавдугаар байрт бичигдэв.
Өнөөдөр тэмцээний эмэгтэйчүүдийн 69 кг-д П.Сүрэн, маргааш 75 кг-д П.Номин-Эрдэнэ нар барилдана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ