Азийн аваргын эрхийн төлөөх тэмцээн эхэллээ

Азийн 16 хүртэлх насны АШТ-ий эрхийн төлөөх тэмцээний “I хэсэг”-ийн тоглолтууд өнөөдөр /2017.09.20/ Монголын хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ.

2018 онд Малайз улсад болох хөлбөмбөгийн 16 хүртэлх насныхны Азийн АШТ-ий эрхийн төлөөх тэмцээний I хэсгийн тоглолтууд энэ сарын 20-24-нд Улаанбаатарт болж, Австрали, Вьетнам, Монгол, Камбожийн шигшээ баг өрсөлдөх юм.

“Монголын шигшээ баг Вьетнам, Австрали, Камбож гэсэн тивийнхээ шилдэг багуудтай таарсан ч өөрсдийн талбай дээр, үзэгчдийнхээ өмнө тоглож байгаагийн давуу талаа ашиглахыг хичээнэ. Бид бүх хүч чадлаа дайчлан тоглох учраас та бүхэн тоглолтын үр дүн ямар байхаас үл хамааран шигшээ багаа дэмжээрэй” гэж 16 хүртэлх насны шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Нанжид уриалав.

Монголын шигшээ өнөөдөр Австрали, есдүгээр сарын 22-нд Вьетнам, 24-нд Камбож улсын шигшээ багтай тус бүр 16:00 цагаас МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд тоглоно.

Ирэх онд Малайз улсад болох Азийн АШТ-ий эрхийн төлөө 45 улсын шигшээ баг 10 хэсэгт хуваагдан өрсөлдөнө. Хэсэг бүрийг тэргүүлсэн 10 баг, хэсэгтээ хоёрдугаар байр эзэлсэн хамгийн өндөр үзүүлэлттэй тав, зохион байгуулагч орны баг нийлээд шилдэг 16 баг шигшээ тэмцээнд өрсөлдөнө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ