Монголын сагсчид Латвийн багийг хожлоо

Олон Улсын Сагсан бөмбөгийн холбооны 3х3 /ФИБА 3х3/-ийн 2017 оны хамгийн сүүлийн гранпри тэмцээн Тайпэй хотноо өнгөрөгч амралтын өдрүүдэд боллоо.

Тэмцээнд Монголын 'Улаанбаатар Хангарьд' баг өрсөлдсөн юм. Тэд эхний тоглолтоо Иорданы багтай хийж, 22:06-аар илт илүүрхсэн. Хэсгийн хоёр дахь тоглолт нь хамгийн чухал бөгөөд манай багийн хамгийн хүчтэй өрсөлдөгч байлаа. Учир нь Латвийн Рига баг 2017 оны ФИБА3х3-ийн Европ тивийн аварга цолыг хүртсэн баг юм. Тэд сагсан бөмбөг өндөр хөгжсөн Европын АШТ-ий аваргын төлөө тоглох эрхээ Дэлхийн хамгийн хүчирхэг баг, Дэлхийн 3 удаагийн аварга, Европ тивийн аварга, Их дуулгын 12 удаагийн аварга, Гранпригийн 13 удаагийн аварга Сербийн шигшээ багийг нэмэлт цагт хожин, босоо аваргуудыг буулган авч, сенсаац тарьж байлаа. Улмаар Латвичүүд аваргын төлөө өмнөх жилийн Европ тивийн аварга Словений багийг хожин аваргалсан.

Латвийн ийм хүчирхэг багтай Тайпэйгийн гранприд Монголын залуус тоглолоо. Тоглолт эхнээсээ маш өрсөлдөөнтэй болж, эцсийн мөчид Монголын баг 17:16 харьцаагаар Европ тивийн шинэ аварга Латвийн багийг хожсон юм.

Ингээд Монголын баг хэсгийн сүүлийн тоглолтоо Тайванийн эсрэг хийж, 22:06 харьцаатай хожин, хэсгээсээ нэгээр шалгарч, хасагдах шатанд Словений багтай таарсан. Словений Пиран баг нь 2016 оны Европ тивийн аварга, 2017 оны мөнгөн медальт, Уцуномия Их Дуулгын 2-р байр, Дэлхийн АШТ-ний хүрэл медальт мөн л шилдэг багуудын нэг. Манай залуус Словений багтай гал гарсан ширүүн тоглолт хийж, 17:18 харьцаагаар хожигдон, Тайваний гранпригийн V байрт орлоо.

ФИБА 3х3-ийн мэргэжлийн топ багуудын өндөр түвшний сагсан бөмбөгийг үзүүлж, тоглолтын агуулга, чанарын хувьд дээд түвшинд, бүх нөөц бололцоогоо дайчлан, сайн тоглосон гэдгийг онцлох нь зүйтэй. ОУСБХ 3х3-д дэлхий даяар нийтдээ 543,995 тамирчин өрсөлдөн, чансааны оноо цуглуулж байгаагаас манай тамирчдын ранк Тайваний гранприд 5-д орсноор нэлээдгүй өсч, шилдэг 100-д орж ирлээ. Одоогоор Монгол улсын чансаа 144 орны 55-т бичигдэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ