Дэлхийн аварга П.Орхонд “Ланд-200” автомашин бэлэглэлээ
Францын нийслэл Парис хотод болсон чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд “Алдар” спорт хороо, “Аваргууд” академи, “Бат сол” компанийн бөх ОУХМ П.Орхон алтан медаль хүртсэн билээ.
Өнөөдөр Спортын төв ордны гадаа талбайд “Бат сол” компанийн гүйцэтгэх захирал н.Батсайхан түүнд 2016 оны шинэ “Ланд-200” маркийн автомашин бэлэглэлээ. Энэхүү төмөр хүлэг нь 150 сая төгрөгийн үнэтэй аж.
Чөлөөт бөхийн дэлхийн аварга П.Орхон: “Амжилтыг маань үнэлээд шагнаж урамшуулж байгаа Батсайхан ах, Солонго эгч хоёртоо маш их баярлаж байна. Мэдээж энэ бол намайг цаашдаа илүү олон амжилт гаргахыг бэлэгшээж өгч байгаа машин. Тиймээс цаашдаа улам их хичээж олон амжилтуудыг гаргах болно” гэв.
Мөн энэ үеэр П.Орхоны багш гавьяат тамирчин Ц.Цогтбаярт Хан-Уул дүүрэгт байрлах “Flora tower” хотхоны хоёр өрөө байрны түлхүүрийг нь гардуулан өглөө.
Гавьяат тамирчин Ц.Цогтбаяр: “Үе үеийн дасгалжуулагч нарын төлөөлөл болж хоёр өрөө байраар шагнуулсандаа маш их баяртай байна. Дасгалжуулагч нарыг байраар шагнаж буй анхны тохиолдол гэж бодож байна. Бид цаашид чөлөөт бөхийн хөгжлийн төлөө маш олон зүйлийг хийх болно. Манай “Аваргууд” академийн бөхчүүдээс маань тив, дэлхийн аваргууд олон төрөх болно. Энэ шагнал бол өндөр хариуцлага хүлээлгэсэн, олимпийн алтан медалийг заавал эх орондоо авчир гэсэн үүрэг даалгавар байхаа. Та бүхэндээ маш их баярлалаа. “Аваргууд” академи үүрд мандан бадрах болтугай” гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ