Д.Сумъяа дэлхийн чансааг тэргүүлжээ
IJF /Олон улсын жүдо бөхийн холбоо/-ээс Унгарт болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа жин, жингийн шилдэг бөхчүүдийн дэлхийн чансааг шинэчлэн гаргажээ.
Монголын жүдочдоос Гавьяат тамирчин Д.Сумъяа, Гавьяат тамирчин М.Уранцэцэг нар жин, жингийнхээ ангилалд дэлхийн чансааг тэргүүлжээ.
Унгарт болсон ДАШТ-ий 57 кг-ын жинд түрүүлсэн Д.Сумъяа чансааны 2000 оноо авснаар нийт 4732 оноотой болж, тэргүүн байраа баталгаажуулсан бол М.Уранцэцэг мөнгөн медалийн хамт 1400 оноо авч, 4420 оноогоор чансааг дахин тэргүүлэх болжээ. Өмнөх чансааны нэгт бичигдээд байсан Казахстаны тамирчин Г.Отгонцэцэг харин нэг байр ухарч, хоёрдугаарт бичигдсэн байна.
ДАШТ-ээс хүрэл медаль зүүсэн ОУХМ Б.Мөнгөнчимэг 1000 оноо авснаар 2121 оноогоор 63 кг-ын жингийн чансааны зургадугаарт жагсчээ.
Мөн 57 кг-д ОУХМ Б.Энхрийлэн 766 оноогоор 32-т, 52 кг-д Ч.Аззаяа 852 оноогоор 29 дүгээрт, 70 кг-д Ц.Наранжаргал 380 оноогоор 58 дугаарт, +78 кг-д Б.Мөнхтуяа 1130 оноогоор 20 дугаарт тус тус эрэмбэлэгджээ.
Эрэгтэйчүүдээс 60 кг-ын жинд Гавьяат тамирчин Г.Болдбаатар ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэнээр 1000 оноо авч, улмаар дэлхийн чансаанд долоон байр урагшилж, 2561 оноогоор дөрөвдүгээрт эрэмбэлэгджээ. Түүний адил Г.Одбаяр 73 кг-д 2980 оноогоор мөн дөрөвт бичигджээ.
Бусад тамирчдын тухайд 60 кг-д Д.Амартүвшин 2130 оноогоор 8, 66 кг-д Д.Алтансүх 1896 оноогоор 9, Д.Төмөрхүлэг 1736 оноогоор 12, 81 кг-д О.Ууганбаатар 1742 оноогоор 15, Н.Дагвасүрэн 1530 оноогоор 16, 90 кг-д Г.Алтанбагана 2092 оноогоор 9, +100 кг-д Ө.Дүүрэнбаяр 1951 оноотой мөн есдүгээрт эрэмбэлэгдсэн аж.
Дэлхийн аваргад анх удаа +100 кг-д барилдаж, хүрэл медаль хүртсэн Гавьяат тамирчин Н.Түвшинбаярын хувьд -100 кг-ын жинд чансааны 52-т, харин Унгарын ДАШТ-ээс 1000 оноо авснаар +100 кг-д 26 дугаар байрт орсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ