Г.Угалзцэцэг Азийн хошой аварга боллоо

Бодибилдинг, фитнесийн 51 дэхь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 20-26-ны өдрүүдэд БНСУ-ын нийслэл Сөүл хотод болсон. Уг тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчид өнөөдөр мэдээлэл хийлээ.

Монголын Бодибилдинг, фитнесийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Одбаатар "Тус тэмцээнд 26 орны 385 тамирчин 31 ангилалд өрсөлдсөнөөс Монголын баг тамирчид дөрвөн алт, гурван мөнгө, таван хүрэл медаль хүртэж эмэгтэй багийн дүнгээр мөнгөн медалийн эзэд боллоо. Тухайлбал, Спорт бие бялдарын ангилалд Н.Түвшинбаяр алтан медаль, Модель физик ангилалд Б.Оюундарь, Улаанбааатар фитнесс клубын тамирчин Г.Уянга нар алтан медаль, Атлетик физик ангилалд дэлхийн хошой аварга Г.Угалзцэцэг алтан медаль хүртэж Азийн хошой аварга боллоо. Уг тэмцээнд Монгол Улсаас 23 тамирчин, олон улсын зэрэглэлтэй гурван шүүгч оролцсон.

Бодибилдингийн ангилалд анх удаа насанд хүрэгчдээс мөнгөн медаль хүртсэн. Энэ шагналыг Монголын хошой мистер Д.Бат-Эрдэнэ авлаа" гэв.

Мөн тэрээр Монголын бодибилдинг, фитнесийн холбоо ирэх аравдугаар сарын 3-9-ний өдрүүдэд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулна. Тус тэмцээнд Монголоос 60 гаруй тамирчин оролцох төлөвлөгөөтэй байгаа.

"Монголын мистер" улсын аварга шалгаруулах тэмцээн есдүгээр 16-17-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Уг тэмцээнээс медальт байранд шалгарсан тамирчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авах юм гэлээ.

Бодибилдингийн дэлхийн хошой аварга Г.Угалзцэцэг "Эх орноо төлөөлөн бодибилдинг, фитнессийн ААШТ-ээс алтан медаль хүртсэндээ баяртай байна. Энэхүү шагнал маань намайг Азийн хошой аварга болголоо. Ойрын хугацаанд ДАШТ-д амжилттай оролцохыг зорьж байна. Цаашид илүү их хичээх болно" гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ