Доржсүрэнгийн Сумъяа ДЭЛХИЙН АВАРГА боллоо
Рио-2016 олимпийн наадмын мөнгөн медальт, Дэлхийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа жүдо бөхийн түүхэн дэх Монголын дөрөв дэх дэлхийн аварга боллоо.(2017.08.30)
Жүдо бөхийн ДАШТ эхэлснээс хойшхи гурав хоногт эрэгтэй, эмэгтэй тус бүр гурав, нийт зургаан жингийн барилдаан болоход тавд нь Японы тамирчид аварга болж, зургаа дахь аварга харин Монголоос төрлөө.
Унгарын нийслэл Будапешт хотноо үргэлжилж буй жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Д.Сумъяа учраа болгоноо илүүрхэн ялав.
Аваргын алтан медалийн төлөө Японы залуу жүдоч Цүкаса Ёшидатай барилдсан. Хоёр тамирчны барилдаан нэмэлт цагт шилжиж, нийт 12 минут 56 секунд, бараг 13 минут үргэлжилж, тэсвэр, тэвчээр, ухаан, хүч, бүх боломжоо шавхсан хэцүү барилдаанаас Д.Сумъяа ялалт авч чадлаа. Ялалт ялалтдаа хамгийн гайхалтай ялалт, гайхамшигтай барилдааныг монгол охин авчирч, дэлхийн жүдогийн түүхэнд үлдэх барилдааны эзэн боллоо.
Уртаас урт 13 минутын дараа ирсэн дэлхийн аваргын алтан медаль
Д.Сумъяа дэлхийн аваргын татамид 57 кг-ын жинд А хэсгийн тэргүүлэн барилдаж, эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Европын аварга, багийн дэлхийн аварга, Лондонгийн олимпийн хүрэл медальт, Францын жүдоч Присцилла Ньетог, дараагийн барилдаандаа Хонконгийн тамирчин Льюн По Сумыг цэвэр ялснаар шөвгийн наймд шалгарсан. Улмаар хэсгийн аваргын төлөө БНСУ-ын жүдоч Квон Юү-жёныг вазари үнэлгээгээр, хагас шигшээд Панамын жүдоч Мирьям Роперыг цаг дуусахаас 2:38 минут дутуу байхад цэвэр ялсан юм.
Гавьяат тамирчин Д.Сумъяа ийнхүү Монгол Улсаас төрсөн дөрөв дэх дэлхийн аварга, хоёр дахь эмэгтэй аварга, ДАШТ-ээс хос медаль хүртсэн мөн дөрөв дэх жүдоч болж байна.
Ийнхүү дэлхийн аваргад өрсөлдөж байгаа Монголын жүдочид гурван өдрийн дараах байдлаар “Будапешт-2017” ДАШТ-ээс дөрөв дэх медалиа хүртээд байна. Энэ бол нэг дэлхийн аваргаас хүртсэн медалийн тоогоороо тэргүүлэх үзүүлэлт юм.
Монголын жүдочид дэлхийн 4 аваргатай, тэр дөрөв маань дөрвүүлээ дэлхийн хошой медальтнууд боллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ