ДАШТ: Д.Сумъяа өнөөдөр барилдана

Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 73 кг, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд дэлхийн аваргууд тодрох хуваарьтай. Дэлхийн аваргыг амжилттай эхлүүлж, эхний өдөр хоёр медаль хүртсэн Монголын баг тамирчдаас өнөөдөр 73 кг-ын жинд ОУХМ Г.Одбаяр, эмэгтэй 57 кг-д олимпийн мөнгө, дэлхийн аваргын хүрэл медальт, Гавьяат тамирчин Д.Сумъяа, мөн ОУХМ Л.Энхрийлэн нар хүч үзнэ.

Д.Сумъяа 57 кг-ын жингийн А хэсгийг тэргүүлж барилдах бөгөөд эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Европын аварга, багийн дэлхийн аварга, Лондонгийн олимпийн хүрэл медальт, Францын жүдоч Присцилла Ньето болон Румыны Лоредана Охай нарын ялсантай нь барилдана.

Л.Энхрийлэн тус жингийн С хэсэгт сугалаа татсан. Тэрбээр дэлхийн аваргын татамид эхний барилдаанаа Казахстаны Анна Казюлинатай хийх юм.

Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд барилдах Г.Одбаярын хувьд D хэсэгт эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойргийн барилдаанд Саудын Арабын жүдоч Мухаммед Алхарбитай барилдахаар болжээ.

ДАШТ-ий хэсгийн барилдаан Монголын цагаар 16.00 цагт эхэлнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ