ДАШТ: Ширэн бээлийтнүүд медалийн төлөө тулалдана

Германы Хамбург хотноо боксын насанд хүрэгчдийн ДАШТ болж байна.

Энэ удаагийн тэмцээнд манай улсаас дөрвөн тамирчин оролцож буй. Тодруулбал, 49 кг-д ОУХМ Г.Ган-Эрдэнэ, 60 кг-д Рио-2016 Олимпийн наадмын хүрэл медальт МУГТ Д.Отгондалай, 64 кг-д ОУХМ Б.Чинзориг, 69 кг-д ОУХМ Б.Түвшинбат нар тус тэмцээнд хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байгаа юм. Учир нь манай дөрвөн тамирчин одоогийн байдлаар бүгд медалийн төлөө тоглох эрхээ авчээ.

Манай ширэн бээлийтнүүдийн медалийн төлөөх тулаан Монголын цагаар 21:00, 01:00 цагийн үед болно. Ялсан нь цааш медалийн өнгөө хувиргах тулаануудыг хийх бөгөөд хагас шигшээгийн тоглолтууд наймдугаар сарын 31-ний шөнийн 00:00 цагаас, есдүгээр сарын нэгэнд 00:00 цагаас болно. Хэрвээ алтан медалийн төлөө тоглох бол есдүгээр сарын хоёрны шөнө 00:00 цагаас явагдах хуваарьтай байна.

49кг: ОУХМ Г.Ган-Эрдэнэ эхний даваанд гоц мөргөсөн. Улмаар Туркийн Унлу Мухаммедтай гурван үеийн турш илүүрхэж шүүгчдийн 5-0 оноогоор ялалтаа авсан. Наймдугаар сарын 29-ний үдээс хойш Риогийн олимпын мөнгөн медальт Колумбийн Мартинес Ривас Юрбергентэй дэлхийн аваргын медалийн төлөө тулалдана.

60кг: Риогийн олимпийн хүрэл медальт Д.Отгондалай эхний тойрогтоо гоц мөргөсөн. Урд шөнө эхний тоглолтоо Израйлын Павел Ишченкотой хийж 5:0 ялснаар шилдэг наймд шалгарлаа. Хагас шигшээд үлдэх тулаанд Кабрера Луйстай наймдугаар сарын 29-нд үдээс хойш хүч үзнэ.

64кг: ОУХМ Б.Чинзориг эхний тойрогтоо хийлсэн. Хоёрдугаар тойрогт Унгарын Ковач Ричардтай тулалдаж 5:0 илт давуугаар ялсан. Хагас шигшээ цаашлаад медалийн төлөө өрсөлдөх тоглолтоо Европын аварга цолтойгоор дэлхийн аваргад өрсөлдөж буй Армяны Ховханис Бачковтой наймдугаар сарын 29-нд хийнэ.

69кг: Бямбаагийн Түвшинбат эхний тулаанаа Польшийн боксчин Кивиор Дамиантай тулалдаж илт давуугаар буюу 5:0 ялсан. Наймд үлдэх тулаанаа наймдугаар сарын 28-ны үдээс хойш ДАШТ-ий хүрэл медальт Азербайжаны Багиров Парвизтэй хүч үзэж 4:1 ялсан. Дараагийн учраа эзэн орны боксчин Абасс Бараутай наймдугаар сарын 29-нд үдээс хойш тоглох юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ