В.Путин, Х.Баттулгатай Дэлхийн аварга
Унгарын Будапешт хотноо өчигдөр эхэлсэн 2017 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монголын жүдочид нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ.
Тэмцээний хуваарь ёсоор эмэгтэй 48 кг, эрэгтэй 60 кг-ын жингийн барилдаан болж, Монголын баг тамирчдаас гурван жүдоч зодоглосон юм. Улмаар дэлхийн аварга М.Уранцэцэг, дэлхийн аварга Г.Болдбаатар нар медалийн тавцанд зогсож, дэлхийн аваргын медалиа хос болгосон түүхэн өдөр болж байна.
Гавьяат тамирчин М.Уранцэцэг эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Румыны Александра Попыг, гуравдугаар тойргийн барилдаанд БНСУ-ын залуу тамирчин Кан Юү Жоныг цэвэр ялсан. Улмаар хэсгийн аваргын төлөөх барилдаанд Францын жүдоч Францын жүдоч Мелани Клеменийг цэвэр ялж, мөнгөн медалийн төлөө Рио-2016 олимпийн хүрэл медальт, дэлхийн аваргын алт, хүрэл медальтай, Японы бөх Ами Кондотой барилдаж, ялалт байгуулсан юм. Харин медалийн өнгө хувиргах шийдвэрлэх барилдаанд М.Уранцэцэг мөн Японы жүдоч Фүна Тонакид ялагдал хүлээлээ.
М.Уранцэцэгийн хамт 48 кг-ын жинд Казахстаныг төлөөлөн барилдсан Г.Отгонцэцэг хүрэл медалийн эзэн болж, хоёр монгол бүсгүй ДАШТ-ий медалийн тавцанд зогссон нь энэ өдрийн бас нэгэн онцгой үйл явдал байлаа.
Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн Гавьяат тамирчин Г.Болдбаатарын хувьд эхний тойрогт Европ тивийн аварга, гүрж гаралтай Туркийн жүдоч Бекир Өзлуг нэмэлт цагт торгуулиар, хоёрдугаар тойрогт Францын жүдоч Валид Хьярыг вазари үнэлгээгээр ялсан. Улмаар гуравдугаар тойргийн барилдаанд Японы жүдоч Рюүжү Нагаямаг торгуулиар ялж, хэсгийн аваргын төлөө Риогийн олимпийн хүрэл медальт, Узбекистаны бөх Диорбек Урозбоевт цэвэр ялагдсан билээ.
Харин дагах барилдаанд Г.Болдбаатар Казахстаны бөх Йелдос Сметовыг вазари үнэлгээгээр ялж, залгуулаад хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Чехийн тамирчин Павел Петриковыг вазари үнэлгээгээр ялсан юм.
Eрөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай ярилцав
Финалын барилдааныг МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар үзэгчдийн суудлаас хамтдаа үзлээ. Ийнхүү тэмцээний дараа тэд уулзалт хийсэн байна. Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд энэ нь анхны гадаад орны төрийн тэргүүнтэй хийсэн уулзалт болж байна.
Уулзалтын үеэр Владимир Путин манай ерөнхийлөгчид хандан “Ноён Ерөнхийлөгч өө! Тантай уулзах завшаан тохиолдсонд би баяртай байна. Бид таныг улс төрч, бас сайн тамирчин гэдгийг мэднэ. Танай Монголын жүдочдын энэ тэмцээнд гаргаж байгаа гарамгай амжилтанд баяр хүргэмээр байна.
Хоёр орны хамтын ажиллагааны талаар Владивостокт илүү дэлгэрэнгүй ярих боломж гарна гэдэгт найдаж байна. Таныг уг чуулганд оролцох гэж байгааг би мэднэ. Гэхдээ манай хоорондын худалдааны чиг хандлага сайн байгаа нь нэгэнт тодорхой болоод байгаа. Өнгөрсөн онд 20 хувиар унасан худалдаа 2017 оны эхний хагаст 34 хувиар өсөөд байна.
Улс төрөөс гадна эдийн засаг, соёлын харилцаа амжилттай хөгжиж байна. Манай Орос-Монголын хамтарсан аж ахуйн нэгж сайн ажиллаж, ачаа тээвэр нэмэгдэж байна. Тиймээс Владивостокт ярих зүйл бидэнд хангалттай их бий” гэжээ.
Хариуд нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "Жүдогийн ДАШТ-ий онцгой сайхан үйл явдлын үеэр тантай уулзаж байгаадаа баяртай байна. Учир нь бид хоёул жүдо бөхөд дуртай, сонирхдог хүмүүс. Энэ сонирхол маань бидний цаашдын хамтын ажиллагаанд нөлөөлнө гэдэгт итгэж байна.
Бид удахгүй Владивостокт албан ёсны уулзалт хийх гэж байгаа. Монгол улсад ерөнхийлөгчийн сонгууль болоод хоёр сар хүрэхгүй хугацаа өнгөрөөд байна. Одоогийн бодит нөхцөл байдлыг бодолцон үзээд би хойд хөрштэйгээ харилцах хамтын ажиллагааг цаашид илүү хөгжүүлэх сонирхолтой байна" гэжээ.
ДАШТ-д барилдах Монголын багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя
Эрэгтэй тамирчид
- 66 кг: Ганболдын Хэрлэн
- 73 кг: Ганбаатарын Одбаяр
- 81 кг: Отгонбаатарын Ууганбаатар
- 90 кг: Гантулгын Алтанбагана
- -100 кг: Лхагвасүрэнгийн Отгонбаатар
- +100 кг: Найдангийн Түвшинбаяр, Өлзийбаярын Дүүрэнбая
Эмэгтэй тамирчид
- 52 кг: Чинтогтохын Аззаяа, Бишрэлтийн Хорлоодой
- 57 кг: Доржсүрэнгийн Сумъяа, Лхагватогоогийн Энхрийлэн
- 63 кг: Болдын Ганхайч, Балдоржийн Мөнгөнчимэг
- 70 кг: Цэнд-Аюушийн Наранжаргал
- +78 кг: Баттулгын Мөнхтуяа
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ