"Монгол ой санамж" Ази тивийг алмайруулав
Хонгконгод Ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээн болж өндөрлөлөө. Тэмцээнд 11 орны 150 гаруй тамирчин ой тогтоолтын 10 төрлөөр бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөв.
Монголын улсыг төлөөлж Монголын Оюун ухааны академийн 20 тамирчин Олон улсын шүүгч, дасгалжуулагчийн хамт оролцож, 28 алт, 25 мөнгө, 20 хүрэл медаль буюу 90 медалийн 73-ыг нь хүртэж, үнэмлэхүй ялалт байгууллаа.
Өсвөрийн дэлхийн аварга, Олон Улсын Их Мастер Н.Мөнхшүр "Хоёртын тоолол" төрөлд 6270 цифр тогтоон Шведийн тамирчин Марвин Валанюсийн 2015 онд тогтоосон хэзээ ч эвдэгдэхгүй гэж байсан 5040 цифрийн амжилтыг эвджээ.
"Олон багц хөзөр" төрөлд насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн Н.Мөнхшүр 30 минутад 21 багц хөзөр тогтоон урьд нь 17 багц байсан дээд амжилтыг эвдсэн байна. Ингэснээр Н.Мөнхжүр дэлхийн гурван дээд амжилтын эзэн болоод байна.
Мөн "Зураг" төрөлд 5 минутад 349 зургийг тогтоон мөн дэлхийн рекордыг дахин шинэчилсэн байна.
Энэ төрөлд Э.Лхагвадулам 16.1 багц хөзөр тогтоон, дунд насны ангиллын дэлхийн дээд амжилтыг тогтоосон бол бага насны ангилалд Б.Ариунбилэг 7.2 багц хөзөр тогтоон, алтан медалийн болзол хангажээ.
Дашрамд дурьдахад Н.Мөнхшүрийн ихэр болох Н.Энхшүр мөн ой тогтоолтын спортоор хичээллэдэг юм.
Тэд багаасаа юм цээжлэх дуртай байсан бөгөөд сургуулийн багш нь шүлэг цээжлүүлэхэд маш хурдан цээжилдэг байсан гэнэ. Мөн телевизээр ой тогтоолтын тухай нэвтрүүлэг гарахад хоёулаа зэрэгцэж суугаад үздэг. Сонирхол маш их байсан хэрнээ цаг зав байдаггүй байсан аж. Мөн урлагийн хэд хэдэн төрлөөр хичээллэдэг бөгөөд 12 дугаар ангиа төгсөөд зуны амралтаараа уг спортоор хичээллэхээр шийдсэн байна.
ОУХМ Н.Мөнхшүрийн хувьд “Бэлтгэл дээр өөрийнхөө чадварыг харуул. Харин тэмцээн дээр анхаарлаа сайн төвлөрүүлээд хийх ёстойгоо л хий” гэдэг багшийнхаа үгийг бодож оролцдог аж.
Хэдэн арван жил хичээллэж энэхүү спортыг ажил, амьдралаа болгосон бусад орны тамирчдыг хэдхэн сар хичээллэж буй монгол тамирчид маань ялжмонгол оюун ухаан аугаа гэдгийг баталсаар байна.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ