Дугуйн спортын дэлхийн аварга эх орондоо ирнэ

Дэлхийн цагдаагийн спортын их наадам наймдугаар сарын 7-нд АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотод амжилттай зохион байгуулагдлаа. Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг 17 дахь удаагийн энэхүү наадамд дэлхийн 96 гаруй орны 10 мянга гаруй тамирчин олимпийн болон спортын бусад 55 төрөлд өрсөлдсөн юм.

Цагдаагийн олимпийн их наадмын дугуйн спортын төрөлд Онцгой байдлын ерөнхий газрын харьяа “Аврагч” биеийн тамир, техник спортын хорооны тамирчин, ОУХМ Эрдэнэбатын Алтан-Очир хол, ойрын зайнд уралдаж алт, хүрэл хос медаль хүртэж цагдаа, аврах хүчний байгууллагын дэлхийн аварга болсон юм.

Э.Алтан-Очир нь Өвөрхангай аймгийн уугуул, энэ жил 22 настай, дугуйн спортоор дөрөв дэх жилдээ хичээллэж байгаа юм байна.

Тэрээр олон улсын чанартай спортын 20 гаруй тэмцээн уралдаанд улс эх орноо төлөөлөн амжилттай оролцсон бөгөөд энэ удаад ийнхүү дугуйн төрөлдөө хос медаль хүртсэн анхны эрэгтэй тамирчин боллоо.

Өмнө нь 2015 оны Цагдаагийн олимпоос манай улс дугуйн төрлөөр хос алтан медаль хүртэж байжээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ