“Универсиад” наадамд Б.Эрхэмбаяр шигшээд шалгарчээ
Дэлхийн оюутны спортын “Универсиад” XXIX дүгээр их наадам Тайпей хотноо энэ сарын 19-30-ны хооронд явагдаж буй билээ. Тус наадмын гурав дахь өдөр жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг-д барилдсан Үндэсний шигшээ багийн тамирчин Б. Эрхэмбаяр шигшээд шалгарчээ.
Тэрээр эхний даваандаа Макаогийн тамирчинг 1:04 минутад цэвэр, хоёрдугаар тойрогт Хорватын Марко Драсковичийг 2:06 минутад цэвэр, хэсгийн аваргын төлөө Нидерландын Матьяс ван Хартенг вазари үнэлгээгээр тус тус ялжээ. Мөн хагас шигшээд Казахстаны Гумар Кыргызбаевыг вазари үнэлгээгээр ялснаар аваргын төлөө барилдахаар шалгарч үлдсэн байна.
Мөн тэрээр шигшээ тэмцээнд олимпийн мөнгөн медальтай, дэлхийн аварга БНСУ-ын Ан Баултай барилдах юм.
Харин эмэгтэйчүүдийн 52 кг-д ОУХМ Г.Ганцэцэг торгуулийн тойрогт барилдахаар болсон бол 57 кг-д Ц.Хулан, 73 кг-д С.Баяртүвшин нар эхний тойргоос үзэгчдийн суудалд шилжсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ