Монголын өсвөрийн байт харваачид алтан медаль хүртлээ

"Монгол 2017 Олон Улсын хүүхдийн 7-р их наадам" спортын 11 төрлөөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байгаагаас Байт харвааны төрлөөр 17 хүртэлх насны 47 тамирчин өрсөлдсөн юм. Энэ удаагийн тэмцээний өрсөлдөөн Монгол, Буриад, Өвөр Монгол зэрэг Монгол туургатан хүүхдүүдийн дунд явагдаж өнгөрсөн бөгөөд тэмцээнийг үндэсний үйлдвэрлэгч АПУ ХК ивээн тэтгэжээ. Тэмцээн 18 онд Аргентинд зохион байгуулагдах ОУ-ын хүүхэд залуучуудын олимпод эрхээ авах урьдчилсан сорилт болж байгаа юм. Монгол 2017 Олон Улсын хүүхдийн 7-р их наадмын байт харвааны төрөлд манай улсын өсвөрийн эрэгтэй байт харваачид багаараа аваргын алтан медалийн болзол хангасан бол эмэгтэйчүүд багаараа мөнгөн медаль хүртжээ. Өсвөрийн байт харваачдын эмэгтэйчүүдийн багийнтөрөлд ОХУ-ын Буриадын баг аварга болжээ.Мөн өсвөрийн байт харваачид ганцаарчилсан төрлөөр өрсөлдөж медалтнуудаа тодруулсан юм.

Энэ үеэр бид Монголын Байт Харвааны Холбооны удирдлагуудтай товч уулзлаа.

Монголын Байт Харвааны Холбооны Ерөнхийлөгч П.Цагаан:

Уламжлалт үндэсний сурын харваа болон орчин үеийн спортын төрөл болох байт харваа амжилттай хөгжиж сонирхогч, тамирчдын дундаас олон арван алдартнууд төрөн гарсан. Тухайлбал Монгол Улсын анхны Дэлхийн аварга, анхны Паралимпийн аварга төрөн гарсан нь Монголын бахархал юм. Байт харвааны спортыг түгээн дэлгэрүүлж хөгжүүлэх, тамирчдын амжилтыг олон улс, тив, дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц хэмжээнд хүргэх, улмаар байт харвааны спортын төрлөөр Олимпийн медальтан төрүүлэх зорилт тавин ажиллаж байгаа. 8настай балчираас 80 настай буурал хүртэл хичээллэх боломжтой олимпийн спортын төрөл. Монгол хүний бие бялдар галбирт их тохирдог. Байтаар хичээллэсэн хүүхдүүд их тэвчээртэй, хариуцлагатай болж суралцдаг. Телевиз,интернет гээд орчны бүх зүйлс хөдөлгөөнтэй болж байгаа хөгжлийн урсгалыг сөрж,анхаарлаа төвлөрүүлж суралцах ач холбогдолтой. Мөн богино хугацаанд өөрөө шийдвэр гаргаж чадах ур чадвар суулгадаг. Монгол, Буриад, ӨвөрМонгол гээд Монгол туургатны хүүхдүүд байтаар харваж байгааг харахад их зохимжтой,сайхан байна.

Монголын байт харвааны холбооны ерөнхий менежер Б.Цэцгээ

Байт харвааны спортын хувьд ОУ-ын хүүхэд залуучуудын олимп болдог. 18 онд Аргентинд зохион байгуулагдана. Эрхээ авах урьдчилсан сорилт тэмцээний нэг болж байна. Хүүхдүүд маань өнөөдөр анхаарлаа төвлөрүүлж, салхиа мэдэрч сайн харваж байна. Халуун нартай өдөр ус ундаа гээд бүтээгдэхүүнээрээ ивээн тэтгэж байгаа АПУ компанийнхандаа талархал илэрхийлье. Энэ удаа алтан медаль авсан тамирчдын багшд нь бас медаль өгч байгаа. Манайхан багийн харваанд аваргын алтан медалийн төлөө өрсөлдөхөөр боллоо. Тэмцээн энэ сарын 16 –ныг дуустал үргэлжлэх юм.

Монголын байт харвааны холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, ОУХМ шүүгч Ц.Баярмаа

Маш шударга шүүлттэй спорт. Хоёр тамирчин нэг байнд харваж, хамтдаа үр дүнгээ үзээд, бие биенээ хянаад явдаг. Маргаан гардаггүй, гарсан тохиолдолд шүүгч оролцоно. Ганцаарчилсан харвааны эрэгтэй эмэгтэй алт мөнгө хүрэл медальтан тодорч байна. Эцэг эхчүүд хэлж байна. Танай спортоор хүүхдүүдээ явуулмаар байна, эрүүл мэндэд ач холбогдолтой,зорилготой,хамт олонсог, хариуцлагатай болох юм байна гээд.Үнэхээр ч үнэн л дээ.Бие бялдрын хөгжил, хүний хүмүүжил, мэдлэг боловсрол гуравт их чухал. Эрүүл мэндийн талаасааөдөрт цэвэр агаарт маш их явган явдаг. Өвчтэй хүүхдүүд яваад эдгэрсэн тохиолдол олон ажиглагддаг. Өдөрт 2 тонн юм өргөсөнтэй тэнцэх ачаалал авдаг гээд маш тустай сонирхолтой спорт.

Д.Галт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ