Дэлхийн чансаанд П.Орхон аман хүзүүдэв

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос 10 гаруй хоногийн дараа Парист эхлэх ДАШТ-ий өмнөх дэлхийн чансааг гаргалаа. Дэлхийн чансааг гаргахдаа өнгөрсөн долдугаар сард болсон Али Алиевын нэрэмжит тэмцээн, “Poland Open”, Мадридын Гранпри, залуучуудын ДАШТ-ийг харгалзан гаргасан байна.

Манай улсаас энэ удаагийн чансаанд эрэгтэй, эмэгтэй тус бүр тав, нийт 10 бөх багтсан юм. Эмэгтэйчүүдийн 63 кг-д өнгөрсөн долдугаар сард Польшийн нээлттэй тэмцээн болон Мадридын Гранприд түрүүлсэн ОУХМ П.Орхон хоёр байр урагшилж, аман хүзүүдэв. Түүний жинд саяхан хөдөлмөрийн баатар болсон С.Батцэцэг энэ жилийн Азийн аваргад түрүүлсэн амжилтаар дөрөвдүгээр байрт бичигдэж байна.

Түүнчлэн эрэгтэйчүүдийн 57 кг-д гавьяат тамирчин Э.Бэхбаяр ес, ОУХМ З.Занабазар 14, 70 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран 16, 86 кг-д П.Өнөрбат 18, 125 кг-д ОУХМ Н.Золбоо 19, эмэгтэйчүүдийн 55 кг-д гавьяат тамирчин Д.Отгонцэцэг 14, ОУХМ Э.Даваачимэг 17, 60 кг-д ОУХМ Б.Шоовдор 12 дугаар байрт бичигджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ