Монгол тамирчин таеквондогийн төрлөөр Гранпри тэмцээнд оролцох эрхтэй болов
Монгол улсад олимпийн таеквондогийн спорт сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж, тамирчдын техник, ур чадвар богино хугацаанд өсөж байна. Үндэсний шигшээ багийн гишүүн, “Алдар” спорт хорооны таеквондогийн тамирчин Моломын Түмэнбаяр нь саяхан болсон ДАШТ-ний шагналт 5-р байрт шалгарч, мөн БНСУ-д зохиогдсон “Korea Open” тэмцээнээс алтан медаль хүртэж тус тэмцээний шилдэг тамирчин боллоо. Ийнхүү тэрээр Дэлхийн таеквондогийн холбооны наймдугаар сарын Дэлхийн чансааны 54кг, 58кг жингийн тамирчдын амжилтыг нэгтгэн гаргасан Олимпийн чансааны 58кг жинд 1408 тамирчнаас 28-рт эрэмблэгдлээ. М.Түмэнбаяр нь олимпийн жиндээ шилдэг 32-т багтаж Гранпри тэмцээнд оролцох эрхээ авсан анхны Монгол тамирчин боллоо.
Таеквондогийн спортын онцлог нь Олимпийн чансааны эхний 32-т багтсан шилдэг тамирчид л Гранпри ангиллын тэмцээнд өрсөлддөг. Олимпийн чансааны эхний 6-д эрэмблэгдсэн тамирчид Олимпийн наадамд оролцох эрхийг шууд авдаг бөгөөд бусад тамирчид тухайн тивийнхээ Олимпийн эрхийн төлөө тэмцээнд зөвхөн алт, мөнгөн медаль хүртсэнээр Олимпод оролцох эрхээ авдаг шалгуур өндөртэй спортын төрөл юм.
Тэрээр 9-р сарын 22-24-ний өдрүүдэд Морокко улсад зохион байгуулагдах Rabat 2017 World Taekwondo Grand Prix тэмцээнд оролцох урилгаа гардаж аваад байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ