Б.Болор-Эрдэнэ залуучуудын ДАШТ-д хүрэл медаль хүртэв
Тампере-2017” залуучуудын ДАШТ-ий гурав дахь өдөр эмэгтэйчүүдийн 51 кг-д“Алдар” спорт хорооны тамирчин Бат-Оршихын Болор-Эрдэнэ залуучуудын ДАШТ-ий хүрэл медалийн эзэн боллоо.
Тэрбээр Тамперегийн дэвжээнд эхний тойрогтоо залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт Узбекистаны Нодира Сабироваг 12:2, шөвгийн наймд Энэтхэгийн Нандини Бажирао Салокег цэвэр ялсан.
Хагас шигшээд өсвөр үе, залуучуудын дэлхийн болон Европын аварга ОХУ-ын Ксения Нежгоровад цэвэр ялагдсан. Хүрэл медалийн төлөөх барилдаанд энэ жилийн өсвөр үеийн Пан-Америкийн аварга АНУ-ын 17 настай охин Камерон Жайлен Геринтэй хийж, нэг минутад оноогоор 12:2 цэвэр ялснаар Финляндад Монголын багийн гурав дахь хүрэл медалийг авчирлаа.
Монголын бөхчүүдийн залуучуудын ДАШТ-ээс 27 дахь хүрэл медаль болж байна.
Энэ жинд ОУХМ Э.Даваачимэг 2012 онд Тайландын Паттая хотод болсон тэмцээнд алтан медаль хүртэж, дараа жил нь Софид хүрэл медалиар энгэрээ мялаасан. Мөн Монгол Улсын гавьяат тамирчин Д.Отгонцэцэг 2010 онд Будапештийн ДАШТ-д 51 кг-д хүрэл медаль хүртэж байв.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн 55кг-д Б.Болортуяа Украины Алёна Кремзертэй, 63кг-д Э.Дэлгэрмаа Болгарын Юлиана Яневатай, 72 кг-д Б.Цэцэгбаяр Беларусийн Анастасья Зимианковатай тус тус эхний тойрогтоохүч үзнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ