Н.Насанбуян залуучуудын ДАШТ-ий хүрэл медаль хүртлээ
Финландын Тампере хотод болж буы залуучуудын ДАШТ-ий эхний өдөр 50кг-д Н.Насанбуян хүрэл медалийн эзэн боллоо. Монголын тамирчдын залуучуудын ДАШТ-ээс авчирсан 40 дэх медаль, 25 дахь хүрэл медалийг эх орондоо авчирч байна.
Түүнчлэн тэрбээр өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хос медальтан болж байна. Н.Насанбуян Монголын эрэгтэй бөхчүүдээс өсвөр үе, залуучуудын ДАШТ-ээс хоёулангаас нь медаль хүртсэн анхны тамирчин боллоо.Н.Насанбуян эхний даваанд Туркийн Явуз Фатих Сентуркэд зургаан оноо дараалан алдаж дийлдэж явсан ч өрсөлдөгчөөсөө хоёр оноо авч тэндээсээ даралтад оруулан цэвэр ялав.
Харин шөвгийн наймд энэ жилийн залуучуудын ЕАШТ-ий хүрэл медальт Армений Карен Зурабянд 2:13 буюу оноогоор цэвэр ялагдсан юм. Армений бөх шигшээд шалгарснаар түүнд дагаж барилдах боломж гарч ирсэн. Улмаар дагах барилдаанд Косовогийн Дрилон Силаг 14:2-оор, хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны Рахат Калзаныг 6:4-өөр ялсан юм.
60 кг-д 2013 оны өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл медальт "Алдар" спорт хорооны тамирчин Ц.Цогбадрах жиндээ наймдугаар байрт оров. Түүнд медаль хүртэх боломж бүрэн дүүрэн байсан ч ашиглаж чадаагүй.
Өнөөдөр ДАШТ-ий хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 55кг, 66кг, 84кг, 120кг-ын жингийн барилдаан болно. Манай улсаас 66 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Э.Тэмүүлэн, 120 кг-д “Аварга” сургуулийн тамирчин Д.Эрдэнэтулга нар барилдана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ