Манай таван бөх Будаевын нэрэмжит тэмцээнээс медаль хүртлээ

Чөлөөт бөхийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга, Европын болон Азийн аварга Буриадын нэрт бөх Борис Дугданович Будаевын нэрэмжит залуучуудын олон улсын тэмцээн өнөөдөр Улаан-Үд хотод боллоо. Будаевын 60 насны түүхт ойд зориулсан 25 дахь удаагийн тэмцээнд Монгол, БНХАУ, БНСУ, Казахстан, ОХУ-ын 112 тамирчин эрэгтэйчүүдийн найман жинд өрсөлдөв.

Манай улсаас ОУХМ Ц.Гантөгс, Г.Амархүү нарын удирдлага дор 20 гаруй тамирчин зодоглосноос гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртэв. Тодруулбал, 60 кг-ын жинд Батчулууны Баасанням, 66 кг-ын жинд Төмөр-Очирын Тулга, 120 кг-д Мөнхтөрийн Лхагвагэрэл мөнгө, 74 кг-д Занданбудын Сумъяабазар, 96 кг-д Чинбатын Алтангэрэл нар хүрэл медаль хүртлээ. ОУХМ Т.Тулга, З.Сумъяабазар, М.Лхагвагэрэл, Ч.Алтангэрэл нар Будаевын нэрэмжит тэмцээний хошой медальтан болсон бол Б.Баасанням анхны медалиа зүүв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ