Монголын гурван бөх дифлимийн наадмаас медаль хүртлээ

Сонсголын бэрхшээлтэй иргэдийн спортын олимпын наадам Туркийн Самсун хотод болж 114 орны 3145 тамирчин өрсөлдөж эхэлсэн.

Дөрвөн жил нэг удаа болдог энэ удаагийн наадамд спортын 21 төрөлд өрсөлдөж медальтнууд тодорсоор байна.

Чөлөөт бөхийн төрөлд Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн” дэвжээний дасгалжуулагч Э.Баттүшигийн удирдлага дор гурван тамирчин оролцож бүгд медаль хүртлээ.

Самсуны дэвжээнд эрэгтэйчүүдийн 57кг-д Н.Эрхэмбаяр, 65кг-д Д.Чинзориг нар мөнгө, 74 кг-д Ш.Батбаатар хүрэл медаль хүртэв.

57кг: Өвөрхангай аймгийн тамирчин Н.Эрхэмбаяр Украины Сергей Сушевскиг 10:0, Болгарын Панаот Димитровыг 14:3, Казахстаны Нурсултан Дуисембиевийг 16:6 тус бүр оноогоор цэвэр ялсан.

Алтан медалийн төлөөх барилдаанд Ираны Кейван Ростамабадид 15:16 ялагдав. Өнгөрсөн жилийн өсвөр үеийн дэлхийн аварга, 18 настай түүнд дифлимпийн аварга болоход тун ойрхон байлаа.

65кг: Д.Чинзориг шөвгийн наймд Энэтхэгийн Ажаи Кумарыг 12:8, хагас шигшээд Армений Аргишти Бабаяныг 10:0 ялж, алтан медалийн төлөөх барилдаанд Ираны Хосейн Нуридашлежехэд оноогоор цэвэр ялагдснаар мөнгөн медалийн эзэн болов.

74кг: Ш.Батбаатар шөвгийн наймд Казахстаны Чингисхан Алдибайевыг 7:3 ялж, хагас шигшээд Энэтхэгийн Вирендер Сингхт 4:6 ялагдсан.

Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд Беларусийн Максим Слапикийг 10:0 ялж, 12 жилийн өмнө буюу 2005 онд Австралийн Мельбурнд болсон дифлимпийн наадмын медалиа ихэрлүүлж хос медальтан боллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ