С.Батцэцэг, П.Орхон нар 63 кг жинд “Топ-5” руу орлоо
Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос гаргадаг эмэгтэйчүүдийн чансаа шинэчлэгдлээ. Өнгөрсөн дөрөв, тавдугаар сард болсон тэмцээнүүдийг харгалзсан чансаанд Монголын найман бүсгүй багтав.
Тодруулбал,53 кг-ын жинд ОУХМ Эрдэнэчимэгийн Сумъяа 18, 55 кг-д гавьяат тамирчин Даваасүхийн Отгонцэцэг 11, ОУХМ Эрхэмбаярын Даваачимэг 14, 58 кг-д ОУХМ Энхбатын Гантуяа 20, 60 кг-д ОУХМ Баатаржавын Шоовдор 18, 63 кг-д ОУХМ Пүрэвдоржийн Орхон дөрөв, гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг тав, 69 кг-д гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа 13 дугаар байрт бичигджээ. 63 кг-д энэ жилийн Иван Ярыгиний “Алтан Гранпри”, “Монголиа Опен” ОУТ-д түрүүлсэн ОУХМ П.Орхон дөрөв, Шинэ Делигийн Азийн АШТ-д аваргалсан гавьяат тамирчин С.Батцэцэг тавдугаар байр руу орсноор манай улсын хоёр тамирчин нэг жинд “Топ-5” бичигдсэн анхны тохиолдол болсон юм. Эмэгтэйчүүдийн найман жингийн чансааг Японы зургаа, АНУ, Канадын нэг тамирчин тэргүүлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ