З.Занабазар , Г.Мандахнаран, Э.Ням-Очир нар Якутаас медаль хүртэв
Тавдугаар сарын 26-27-нд “Триумф” ордонд Монгол, Якут, Казахстаны бөхчүүдийн дунд нөхөрсөг тэмцээн болж 61, 65, 70, 74, 86 гэсэн таван жингийн ангилалд бөхчүүл аваргуудаа тодрууллаа. Энэхүү тэмцээнд оролцож буй “Арслан” клубийн тамирчин ОУХМ Занданбудын Занабазар алтан медаль хүртсэн байна. Тэрбээр Якутын Николай Иванов, Дмитрий Аксенов нарыг ялж, түрүүлжээ. Түүнчлэн 74 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, “Гуанжоу-2010” Азийн наадмын аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Ганзоригийн Мандахнаран мөнгө, 65 кг-д ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Энхсайханы Ням-Очир хүрэл медаль хүртжээ.
Монголын чөлөөт бөхийн эрэгтэй таван тамирчин ОХУ-ын Саха улсад хамтарсан бэлтгэл хийж байгаа талаар бид өмнө мэдээлсэн. Мөн ирэх сард Ингушийн Назрань хотод болох ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээнд бэлтгэгдэж буй Якутын ихэнх шилдэг бөхчүүд энэхүү тэмцээнд зодоглож, бэлтгэл ямархуу түвшинд буйгаа шалгасан гэж болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ