Б.Чинзориг, Г.Ган-Эрдэнэ нар финалд шалгарлаа

Узбекистаны нийслэл Ташкент хотод сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн дуусах шатандаа орлоо. Тус тэмцээнд манай улсаас шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн, туслах дасгалжуулагч Н.Мөнхсайхан, зөвлөх дасгалжуулагч Д.Банди нарын удирдлага дор есөн боксчин оролцсоноос хоёр нь финалд шалгарлаа. Өчигдөр мөнгөн медалийн төлөөх тулаанд 60 кг-д гавьяат тамирчин Д.Отгондалай Энэтхэгийн боксчин Шив Таппатад 3:2-оор дийлдэв. Манай гавьяат хэдий ялагдсан ч ДАШТ-д оролцох эрхээ авч, тивийн аваргын иж бүрдэл медаль болж байна. Тэрээр 2011 онд мөнгө, 2015 онд алтан медаль хүртэж байжээ. Энэ өдөр 49 кг-д Г.Ган-Эрдэнэ Филиппиний Ладон Рогиныг ялснаар мөнгөн медаль хүртлээ. Тэрээр маргааш алтан медалийн төлөө Узбекистаны Хасанбай Дусматовтой хүч үзэх бөгөөд Г.Ган-Эрдэнэ хоёр жилийн өмнөх тус тэмцээнээс хүрэл медаль хүртэж байв. Мөн 64 кг-д Армийн дэлхийн аварга Б.Чинзориг Киргизстаны Нурлан Кобашаевыг ялсанаар мөнгөн медаль хүртэж, финалд шалгарлаа. Энэ амжилт түүний тивийн аваргын анхны медаль юм. Тэгвэл 69 кг-д Б.Түвшинбат залуучуудын дэлхийн аварга Казахстаны А.Жусуповыг барсангүй. Б.Түвшинбат тивийн аваргаас 10 жилийн өмнө мөнгөн медаль хүртэж байсан бол өчигдөр гурав дахь хүрэл медалиа авч байна.

Б.Чинзориг, Г.Ган-Эрдэнэ нар финалд шалгарлаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ