Ж.Мөнхбат аваргын нэрэмжит өсвөр үеийн УАШТ эхэллээ
Чөлөөт бөхийн олимпийн наадмын анхны мөнгө, ДАШТ-ий анхны хүрэл медальт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, даяар дуурсагдах далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбатын нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үеийн УАШТ өчигдөр “Буянт-Ухаа” спортын ордонд эхэллээ. Түүний ДАШТ-ээс анхны медалийг эх орондоо авчирсны түүхт 50 жилийн ой тохиож байгаа бөгөөд МЧБХ, "Хакүхо сан" хамтран энэ жилийн өсвөр үеийн УАШТ-ийг хамтран зохион байгуулж байна.
Тэмцээний нээлтийн ёслолд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Ж.Мөнхбат, түүний гэргий Ө.Тамир, МЧБХ-ны удирдах зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, МЧБХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Ж.Түмэн-Аюуш, Б.Өнөбаатар, Б.Болд, олимпийн наадмын хүрэл медальт, ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ий хүрэл медальт, ардын багш, гавьяат тамирчин Д.Сэрээтэр, гавьяат тамирчин Ө.Эрдэнэ-Очир, ДБНХ-ны хүндэт шүүгч Н.Дүгэрсүрэн нарын хүндэт зочид оролцов.
Ж.Мөнхбат аваргын гэр бүлийн зүгээс 1967 оны Энэтхэгийн Делид болсон ДАШТ-д аваргатай мөр зэрэгцэн хамт оролцож явсан Ч.Дамдиншарав, Д.Сэрээтэр, Ө.Эрдэнэ-Очир болон, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин А.Энхээ нарт дурсгалын зүйл гардуулав. Түүнчлэн МЧБХ ирэх намар Францын нийслэл Парист болох насанд хүрэгчдийн ДАШТ-д Ж.Мөнхбат аваргыг хүндэт зочноор оролцох урилгыг гардуулсан юм. Самбо бөхийн залуучуудын дэлхийн аварга, ОУХМ О.Нарангэрэл, үндэсний бөхийн улсын харцага Г.Элбэг, улсын начин Б.Баянжаргал, Б.Дэлгэрсайхан, Ц.Чимэддорж нарын тэргүүтэй “Их шавь” дэвжээний шавь нар нь багшдаа хүндэтгэл үзүүлсэн. Тэмцээний нээлтийн үеэр Ж.Мөнхбат аваргын хүү Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх ёкозүна, гавьяат тамирчин Хакүхо М.Даваажаргал болон 70 дах ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж нар Япон улсаас мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Тэмцээнд хот, хөдөөгийн 42 байгууллагын 597 тамирчин оролцож байгаа бөгөөд эхний өдөр хөвгүүдийн 42, 50, 58, 69, 85, охидын 40, 46, 52, 60, 70 кг-ын жингийн барилдаан болж, Баянхонгор аймгийн Б.Хонгорзул гурав дахиа түрүүлж, Дархан-Уул аймаг, “Мегастарс” клубийн Н.Наранхүү, Баянхонгор аймгийн Т.Цээням, Чингэлтэй дүүрэг, оюутны шигшээ багийн Н.Анударь нар улсын хошой аварга боллоо.
Эхний өдрийн дүн:
Хөвгүүдийн 42 кг (47 бөх): 1. М.Мөнхтөгөлдөр (Налайх дүүрэг, “Голомт” цогболбор) 2. Б.Хишигдорж 3. С.Жигүүр (хоёул Дорноговь), Я.Үржинжав (Хэнтий)
50 кг (50): 1. Н.Наранхүү (Дархан-Уул, Мегастарс) 2. Д.Мөнх-Эрдэнэ (Увс) 3. Э.Энххүслэн (ТСБТСДуС), Д.Төрбаяр (Женко)
58 кг (55): 1. О.Сүлдхүү (Дархан-Уул, Мегастарс) 2. Г.Сүхбаатар (Өвөрхангай) 3. Т.Билэгт (Орхон, Ирээдүйн одод), Б.Буд (Харгант цамхаг)
69 кг (38): 1. Б.Сундуйжадамба (Өвөрхангай) 2. Г.Уран-Эрдэнэ (Дорноговь) 3. Б.Өлзийням (Увс), Э.Гонгор (Баянхонгор)
85 кг (19): 1. Э.Батмагнай (Баянхонгор) 2. С.Сүхбат (Аварга) 3. Э.Эрхэмжаргал (Төв), Н.Чинзориг (Харгант цамхаг)
Охидын 40 кг (11): 1. Б.Хонгорзул (Архангай) 2. Г.Эрдэнэсүрэн (Өвөрхангай) 3. Б.Батболор (Дархан-Уул, Мегастарс), Б.Сарнай (Сэлэнгэ)
46 кг (17): 1. Т.Цээням (Баянхонгор) 2. Д.Отгонжаргал (Женко) 3. Ч.Отгонжаргал (Дорноговь), Г.Саруулбуян (Өмнөговь)
52 кг (22): 1. Б.Хонгорзул (Баянхонгор) 2. Б.Энхцэцэг (Чингэлтэй дүүрэг) 3. Б.Бямбажаргал (Архангай), О.Ванчигмаа (Женко)
60 кг (24): 1. Н.Анударь (Хотын оюутны шигшээ баг) 2. Б.Алтантүлхүүр (Архангай) 3. Б.Оюунгэрэл (Женко), Б.Дэлгэрцэцэг (Өмнөговь)
70 кг (13): 1. Ц.Хулан (Сэлэнгэ) 2. Ө.Одбаг (Өмнөговь) 3. Б.Оюунбагана (Архангай), Д.Цогцолмаа (Говь бөх)
СЭТГЭГДЭЛ БИЧИХ