Ой тогтоолтын улсын аваргууд тодорлоо

OI TOGTOOLTМонголын Оюун Ухааны Академиас санаачлан зохион байгуулж буй Ой тогтоолтын улсын аварга шалгаруулах оюуны спортын 7 дахь удаагийн тэмцээний сүүлийн шатны шалгаруулалт энэ сарын 18, 19-ний өдрүүдэд Монгол-Япон төвийн байранд амжилттай явагдаж улсын аваргуудаа тодрууллаа.

Урьдчилсан шалгаруулалт энэ сарын 4-нд явагдаж 6-60 насны нийт 110 тамирчин өрсөлдсөнөөс сүүлийн шатны тэмцээнд нийт 56 тамирчин шалгарч бага, дунд, насанд хүрэгчдийн ангилалд харааны болон сонсголын ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдсөн юм.

Тус тэмцээнд ОУ-ын Их Мастер 5, Их Мастер 1, ОУ-ын Мастер 6 тамирчин оролцсон нь тэмцээнийг маш өрсөлдөөнтэй болголоо. Ингээд хоёр өдөр үргэлжилсан тэмцээний төгсгөлд бага насны ангилалд Б.Хангал (3969 оноо), дунд насны ангилалд ОУ-ын Мастер Э.Лхагвадулам (7453 оноо), насанд хүрэгчдийн ангилалд ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр (7390 оноо) нар тус тус тэргүүлж цом хүртсэн бол нийт оролцсон тамирчдаас Улсын аваргаар дунд насны ангилалд өрсөлдсөн Монголын Оюун Ухааны Академийн Дархан-Уул аймаг дахь салбарын тамирчин, ОУ-ын Мастер Э.Лхагвадулам 7453 оноогоор шалгарч 1 сая төгрөгийн мөнгөн шагнал хүртэж Монгол болон Азийн чансаанд 1-т, дэлхийн чансаанд 5-т бичигдлээ. Ихэр тамирчид болох ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр (7390 оноо), ОУ-ын Их Мастер Н.Энхшүр (7045 оноо) нар хоёр, гуравдугаар байрт орж 750 мянга, 500 мянган төгрөгийн шагнал тус тус хүртлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ