Сурагч А: Хамгийн их хүсэж байгаа зүйл Тэнгис кино театрт кино үзэх
Монгол Улсын түүхэнд сурагчид хичээл хаялт зарласан тохиолдол байгаагүй билээ. Энэ долоо хоногийн онцлох үйл явдал яах аргагүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай сургууль болох Сүхбаатар дүүргийн 29-р дунд сургуулийн сонсголгүй багш, сурагчдын хичээл хаялт байлаа. Тус сургуулийн захирал болон мэргэжлийн хичээлийн багш нар өөрсдөө дохионы хэл мэддэггүйгээс хүүхдүүд хичээлээ ойлгодоггүй, багш нартайгаа харилцаж чаддаггүй учир ийнхүү хичээл хаялт зарлахад хүрчээ.
Юуны учир хүүхдүүд хэнээс ч үл айн, хичээл хаялт зарлаж, жагсах болсныг тодруулж, тус сургуулийн 12-р ангийн нэгэн хүүтэй мэргэжлийн хэлмэрч багшийнх нь хамт ярилцлаа. ярилцлаа. Хүүгийн нэр, зургийг нууцалсан болно. “Хаалттай хаалга”-ны цаана яг юу болдог талаар дэлгэсэн хүүгийн ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.
-БИД ЗҮГЭЭР Л ДОХИОГООР ХИЧЭЭЛЭЭ ЗААЛГАХЫГ ХҮСЭЖ БАЙНА-
-Сурагчдын хичээл хаялтад гол үүрэг гүйцэтгэж байгааг чинь харсан. Эхлээд яагаад хичээл хаях болсон талаараа ярихгүй юу?
-Намайг С.А гэдэг. Би 29-р сургуулийн 12-р ангийн сурагч. Сүүлийн 2, 3 жил санал гомдлоо хэлж байсан. Саяхан арван сард сургуулийнхаа захиралд гомдол гаргасан. Яагаад гэхээр сургалт явагдахгүй байна, спортын хөгжил явагдахгүй байна, бидэнд дарамт шахалт их байгаа талаар сургуулийнхаа удирдлагуудад хандаж хэлж байсан. Гэвч бидний хэлсэн гомдлыг нэг ч удаа хүлээж авч байгаагүй. Бидэнд хамгийн гол нь багш нараа дохионы хэл сураад, тэрнийхээ дагуу сонсголгүй хүүхдүүд бусдаас ялгарахааргүй боловсрол эзэмшээсэй гэсэн л хүсэл байгаа. Ярьж байгаа хичээлээ бидэнд зориулаад дохионы хэлээр орох ёстой, тэгж байж бид суралцана шүү дээ. Бид багш нараа дохионы хэлээр хичээлээ заагаач гэсэн шаардлага л тавьсан. Өөр зүйл юу ч байхгүй.
-Сургуулийнхаа захиралд удаа дараа гомдол гаргасан байна. Нэг ч удаа хариу өгөөгүй юу?
-Удаа дараа хандаж байсан. Тухайн үедээ захирал “Хүлээж авлаа, ойлголоо, ямар нэгэн юм хийнэ” гэсэн хариу өгч байсан хэрнээ юу ч хийгээгүй. Шийдэж өгөөгүй.
-Жагсаал хийсэн хүүхдүүд хамтраад БСШУЯ-нд хүсэлт өгөх гэж байгаа гэж сонслоо. Юун тухай хүсэлт вэ?
-Дохионы хэлмэрч орчуулагчдын холбоонд хандаад бид хэлмэрч захиалж авч байгаа. Тэр хэлмэрчээр дамжуулж яаманд хандаад, өргөх бичиг өгөх гээд бичиж байна. Одоогийн байдлаар хүсэлтээ бичих шатандаа явж байна. Бид хоорондоо сайн ярилцаж байгаад хүүхдүүдийн хүсэлтийг нэгтгээд дарамталдаг талаараа баримт гаргаж, бүх хүүхдийн гарын үсэгтэй хамт өгнө.
-Тусгай сургуульд багшилдаг багш нар дохионы хэлгүй байна гэж баймааргүй санагдаад байгаа юм л даа?
-Багш нар дохионы хэлний ямар ч чадваргүй, хичээл заахдаа дохионы хэлээр тайлбарлаж өгдөггүй. Үгээ дохиожуулдаггүй. Тийм болохоор бид шууд үгээр ойлголцох ямар ч боломж байдаггүй.
-Дохионы хэлээр сайн харилцах уу?
-Би дохионы хэлээр чөлөөтэй харилцана. Харин бичиж уншихдаа маш муу. Надад уншаад ойлгох, бичгийн чадвар байхгүй.
-Одоо 12-р анги төгсөх гэж байна. Бичиг үсгийн ямар ч чадваргүй байдаг. Цаашид яаж суралцана гэж бодож байна вэ?
-Би тогооч болох хүсэлтэй байгаа. Гэхдээ багш нар “Тогоочоор яах юм бэ. Чиний ирээдүйд мужааны мэргэжил их хэрэгтэй” гээд мужааны дамжаанд оруулсан. Ямар ч сонирхолгүй. Багшдаа хэлэхээр хүлээж авдаггүй учраас ерөөсөө хэлээгүй. Манай ангийн хүүхдүүд өөр өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй, хэн ч биднийг сонсохгүй байдаг учраас бид хоорондоо ярилцдаг.
-Юун тухай ярилцдаг вэ?
-Манай ангийнхан бүгдээрээ бичиг үсгийн чадвар маш сул. Яагаад гэхээр бидэнд дохионы хэлээр бичиг үсэг заагаагүй учраас энгийн хүнийх шиг ойлгож, энгийн хүүхэд шиг сайн сураагүй. Цаашид их, дээд сургуульд суралцаад явах юм уу, ЭЕШ-ыг өгөхөд миний мэдлэг хангалтгүй учраас ирээдүйдээ би маш их санаа зовж байна. Бид хоорондоо их зүйлийг ярьдаг. Одоо цаашид бүгдээрээ яаж амьдрах вэ. Хэрхэн яаж сурах вэ? Биднийг ойлгох хүн байхгүй. Бид ирээдүйгээ төсөөлж чадахгүй байна. Цаашид яана даа гэж бодоод шөнө нойргүй хонож байна. Бүр заримдаа бухимдаад их хэцүү байдаг.
-Уг нь сургуульд орох хүсэл их байдаг, тийм ээ?
-Тийм. Үнэхээр их хүсэж байна. Гэхдээ миний мэдлэг боловсрол хангалтгүй учраас тогоочоороо явах л чадвар надад байгаа байх гэж бодож байна. Би физик, тоо, англи хэл, монгол хэл гэсэн хичээлүүдээр өөрөө бие дааж хувиараа бэлтгэл хийж, шалгалтандаа бэлдэж байгаа. Жагсаал хийснээс хойш багш нарын хандлагыг хараад надад туслахгүй юм байна гэдгийг ойлгосон. Тийм учраас би өөрөө бие дааж сурахаар хатуу шийдэлд хүрсэн. Уг нь жагсаал хийгээд, үзэл бодлоо олон хүнд илэрхийлсэн учраас бидэнд багш нар дохионы хэлээр хичээлээ заана гэж маш их итгэж найдаж байсан. Гэвч өнөөдрийг хүртэл дохионы хэлээр хичээл орохгүй, багш нар уурлаж байгаа учраас би цаашид өөрөө хичээх ёстой юм байна гэж бодсон. Сая дадлагын багш монгол хэлний дүрмийг бидэнд дохионы хэлээр заагаад ойлгуулаад өгсөн чинь их гоё байсан. “Энэ чинь ийм учиртай байсан юм уу” гэж бодсон. Хичээлээ яг ойлгоод ирсэн чинь сурах хүсэл эрмэлзэл оволзоод ирсэн.
-БИДНИЙГ БАЙНГА ТЭНЭГ, МАНГАР ГЭЖ ДУУДДАГ-
-Багш нар чинь хичээлээ яаж заадаг вэ?
-Манай сургуулийн мэргэжлийн багш нар дохионы хэлний мэдлэг байхгүй. Бидэнд ойлгуулаад заах ямар ч бодол байхгүй. Самбарт бичээд “Хуулж бичээрэй” гэдэг. Бид уншиж чадахгүй учраас хараад юу байгааг нь ойлгохгүй өнгөрдөг. Дадлагын багш н.Бямбасүрэн дохионы хэлээр тайлбарлаад хэлж өгөхөд маш гоё байсан. Амьдралд их ойрхон цаанаасаа яагаад ч юм сурах хүсэл эрмэлзэл төрсөн. Бид дохионы хэлний багшийн тусламжтайгаар хичээлээ сурах бүрэн боломжтой.
-Танай сургуульд хэдэн дохионы хэлний багш байдаг юм бэ?
-Дохионы хэл мэддэг нь н.Сарантуяа гэдэг ганцхан багш байдаг. Тэр багш бидэнд монгол болон олон улсын дохионы хэл хольж зааж байгаа юм.
-Дам сонсоход, багш нар чинь хүүхдүүдээ зоддог гэдэг юм билээ. Ямар нэг дарамт шахалт байдаг уу?
-Тийм ээ, тийм зүйл зөндөө байдаг. н.Доржпүрэв, н.Батцолмон гэх зэрэг зөндөө багш дандаа хүүхэд зоддог.
-Яагаад зодоод байдаг юм бэ? Та нар үгэнд нь ордоггүй юм уу?
-Багш сурагчдын хоорондын харилцаа асуудалтай, зөрчилтэй байдаг. Багш нар өөрсдөө хичээлээ заадаггүй. “Ноль ороод ирье” гээд алга болчихдог. Мөн нэг багш орж ирээд хоорондоо юм яриад хичээл үймүүлээд суучихдаг. Биднийг хичээлээ хийе гэж шаардахаар уурлаж зоддог. Багш сурагчид хоорондоо ойлголцохгүй, хүйтэн хөндий байдаг. Сэтгэл санааны дарамт маш их байдаг. Гомдолтой байгаа, бидний зүгээс. Бидний сэтгэл санаа ямар байдаг, бусад хүүхдүүдээс юугаараа өөр гэх зэрэг онцлогийг ерөөсөө судлаагүй. Тухайн хүүхдийг судлаагүй байж байнга дээрэлхүү харьцах нь надад огт таалагддаггүй.
-Багш нар чинь жагсаал дээр та нарыг их хэцүү араншинтай, эрүүл бус хүүхдүүд гэж хэлж байсан. Энэ тал дээр юу гэж бодож байна вэ?
-Багш нар өөрсдийнх нь нэр хүндэд халдах гээд, бас тэдний буруу болох гээд байсан болохоор албаар өөрсдийнхөө арьсыг хамгаалах гэж биднийг тэнэг, мангар, юу ч ойлгодоггүй гэсэн ойлголт нийгэмд өгч байгаа байх. Бидэнд байнга хэлдэг үгээ та нарт бас хэлсэн байна шүү дээ. Биднийг байнга “тэнэг, мангар” гэж доромжилдог юм.
-Багш нараасаа ойлгоогүй хичээлээ асуух боломж байдаггүй юм уу?
-Багш нар орж ирээд самбар дээр юм бичээд л “Энийг хуулаарай” гэж хэлээд, заримдаа номын хуудас дээрхийг “Өөрсдөө уншаад байж бай” гээд гараад явдаг. Тэгж байтал завсарлах цаг болдог. Хичээлийн цаг тэгэс ингэсхийгээд л өнгөрдөг. Тэгээд хоорондоо уулзалдаад алга болчихдог. Бидэнд багш нараасаа юм асуух боломж ерөөсөө байдаггүй. “Энийг ойлгохгүй байна, багш аа” гээд хэлэхээр “Дараа зааж өгнө” гэдэг ч хэзээ ч зааж өгч байгаагүй.
-Дотуур байрны хүүхдүүд их хэцүү амьдардаг гэж дуулсан. Тэнд ямар байдалтай байдаг вэ?
-Бид дотуур байрандаа асрагч багш нартайгаа харилцаж чаддаггүй. Зүгээр л биднийг харах үүрэгтэй. Хэдэн мал адгуус хашиж байгаа юм шиг байдаг. Яг л хүний эрхэнд байгаа юм шиг ханддаг. Биднийг алга болчих вий гэсэн үүднээс хардаг л болохоос биш хүмүүжилсурлагад хэзээ ч анхаарч байгаагүй юм. Саяхан номын сантай болох төсөл хэрэгжүүлнэ гэж ярьж байсан. Бидэнд хүлээлгэж өгсөн ном нь байгаа юм уу, байхгүй юм уу мэдэхгүй. Ном нь хаашаа явсан юм, бүү мэд. Бид тухайн үедээ “Номтой болчихлоо” гэж баярлаж байсан чинь сураг тасарчихсан. Уг нь 2-3 жилийн өмнө та нар номын сантай болно. Дотуур байрны хүүхдүүд тэр номыг ашиглаад сурах боломжтой гэж ярьж байсан юм. Одоо болтол энэ нь хэрэгжээгүй. Бидэнд ямар ч ном өгөөгүй байгаа. Гаднаас тусламж зөндөө л ирдэг, даанч бидэнд ерөөсөө хүрдэггүй юм.
-БИ 4-5 НАСТАЙ БАЙХДАА ӨӨРИЙГӨӨ БУСДААС ӨӨР ГЭДГИЙГ МЭДСЭН-
-Эндээс гараад хүмүүстэй харилцахад ямар байдаг вэ?
-Ямар ч хүнтэй харилцах боломж байдаггүй. Орчуулагч хэлмэрч байхгүй шүү дээ. Хэлмэрч байхгүй учраас наад захын хүнтэй харилцах боломж байдаггүй. Бичгээр харилцъя гэхээр би өөрөө бичгийн дүрмийн алдаатай бичдэг. Сул сонсголтой хүнээр хэлмэрчлүүлэх боломжтой боловч тэр хүн маань миний дохиог сайн ойлгохгүй, дутуу ойлгодог.
-Танай анги хэдэн хүүхэдтэй вэ?
-Манай анги нийт 12 хүүхэдтэй. Таван хүүхэд бие дааж өөрсдөө ЭЕШ-д бэлдэж байгаа. Дээд сургуульд орохын тулд өөрсдөө шалгалтын материлаа авч бэлдэж байгаа юм. Бусад нь коллежид орох зэргээр цаашид сурах байх даа. Ихэнх хүүхдүүд ямар ч боловсролгүй төгсөж байгаа. Хүүхэд болгон дээд сургуульд орох хүсэлтэй байдаг. Гэхдээ шалгалтанд нь хэзээ ч тэнцэхгүй байх гээд өөртөө итгэлгүй, шалгалт өгөхгүй ажил хийнэ гэсэн хүүхдүүд ч их байгаа.
-Танай аав ээж хоёр юу хийдэг хүмүүс вэ. Чиний дохионы хэлийг ойлгодог уу?
-Манай ээж тогооч, аав ачааны машин жолооддог. Би эхээсээ гурвуулаа, доороо хоёр дүүтэй. Манай хоёр дүү эрүүл. Харин би төрөлхийн сонсголгүй. Би 4-5 настай байхдаа өөрийгөө бусдаас ялгаатай, сонсголгүй гэдгээ мэдсэн. Гэр бүлийн гишүүд маань дохионы хэл мэдэхгүй. Ээж минь надтай дохионы хэлээр бага зэрэг ярьдаг. Гэр бүлийн орчны энгийн дохиогоор ярьдаг. Тэрнээс цааш ойлгодоггүй.
-Дохионы хэлээр хичээл заадаггүйгээс гадна хичээл хаях өөр шалтгаан бий юу?
-Бид төрөлх эх хэлээрээ л багштайгаа харилцаж, боловсрол эзэмшмээр байна. Ойлголцож нэг гэр бүл шиг болохыг хүсэж байна. Дөрөвдүгээр сарын 4-ний өдөр 1000 үгийн дохионы ном гарах гэж байгаа гэсэн. Тэр л хамгийн сайхан мэдээг хүлээж байгаа. Тэр номыг гарах өдрийг хоног тоолон хүлээж байна. Тэр номоо хамгийн түрүүнд гэрийнхэндээ бэлэглэнэ гэж амалсан юм. Тэр л хамгийн сайхан мэдээ байна. Тэр номыг хэвлэлтэд орчихсон байгаа гэж хэлсэн.
-Бүх багш дохионы хэл мэдэхгүй гэхээр та нартай хэрхэн яаж харилцдаг юм бэ?
-Огт дохионы хэл мэдэхгүй гэж болохгүй байх. Гэхдээ хичээл заах төвшинд мэдлэг байхгүй. Зүгээр энгийн харилцаагаар бол ярилцана. Гэхдээ хичээлийг нь ерөөсөө ойлгохгүй байна.
-ЭЕШ-д хувиараа бэлдэж байгаа гэсэн. Шалтгалтын материал хүнд байна уу?
-Маш хүнд, уншаад юу ч ойлгохгүй байна. Тестээр л тааж хариулж байна. Аз мэдэг гээд.
-Бие дааж сурахад чинь тусалдаг хүн бий юу?
-Тийм хүн огт байхгүй. Дохионы хэлний хэлмэрчийн тусламжтайгаар уншиж ойлгохоос өөр арга байхгүй.
-Энэ ном уншаад ойлгох нь уу, үз дээ?
-Ойлгохгүй. (Сурагч хүүд үлгэрийн ном уншуулах гэсэн боловч гарчиг уншихаас цааш хэтэрсэнгүй. сурв).
-ЭРЭГТЭЙ БАГШ НАР ОХИДОД БЭЛГИЙН ДАРАМТ ҮЗҮҮЛДЭГ-
-Та нар дотуур байрандаа чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
-Бид нэгэнт хичээлээ ойлгохгүй байгаа учраас хоорондоо “Бид нарт маш хүнд байна. Одоо бүгдээрээ яах вэ, хэнд хандах вэ” гэх мэтээр ярилцдаг. Манай сургуулийн орчин маш хэцүү. Нэг эрэгтэй багш завсарлагаа болгоноор охидод бэлгийн дарамт үзүүлдэг. Бүр сурчихсан. Их гаж донтой хүн байдаг. Тэврээд, үнсээд, хүүхдүүдийн нүдэн дээр байнга хүрэх ёсгүй газарт нь хүрээд, хүчээр бөгс, хөх зэргийг нь базаад байдаг. Залуухан, эрэгтэй 2-3 тийм гаж багш байдаг. Манай сургуульд олон залуу эрэгтэй багш бий. Миний үеийн олон сонсголгүй эмэгтэй хүүхдийг хүчирхийлж, бэлгийн дарамт үзүүлдэг. Эрэгтэй хүүхдүүдийг нь байнга зоддог. Биднийг байнга дарамталдаг.
-Үнэн үү. Энэ тухайгаа өмнө нь хүнд хэлж байсан уу. Эцэг эхдээ хэлээгүй юу?
-Үнэн. Би хэлэхийг маш их хүсэж байна. Анх удаа таньд хэлж байна. Би хэлэх гэхээр гэр бүлийн хүмүүс дохионы хэл ойлгохгүй. Би бичгээр бичиж чадахгүй. Багш нарынхаа тухай хуулийн байгууллагад хэлж чадахгүй маш их хаагдмал байдаг. Зүгээр доромжлуулаад л, хараад байж байдаг. Аав, ээждээ бичээд өгөхөөр наад бичсэнийг чинь ерөөсөө ойлгохгүй байна гэдэг. Хэн бидний төлөө дугарах вэ, хэн бидний төлөө зүтгэх вэ гэхээр хэн ч байдаггүй. Бид өөрсдөө л өөрсдийнхөө төлөө зогсоно. Бүүр бухимдаад аргаа бараад жагссан юм. Манай сургууль дээр бүх шаардлага болон асуудлаа бичээд зоочихсон байгаа. Одоо ч байгаа. Та очоод авчих, бид тэр бичгээ яаманд удахгүй өгнө.
-Залуу багш нар охидод бэлгийн дарамт үзүүлдэг гэдэг бол маш ноцтой асуудал. Миний дүү худлаа хэлж болохгүй гэдгийг мэдэж байгаа байх. Яг ямар үйлдэл гаргадаг юм бэ?
-Би хэлсэн шүү дээ. Багш нар сурагч охидод дандаа бэлгийн дарамт үзүүлдэг. Бас өглөө очоод ангиа цэвэрлэхээр хогийн савнаас хэрэглэсэн бэлгэвч байнга гардаг. Бидний насны хүүхдүүд бэлгэвч хэрэглэхгүй шүү дээ. Багш нар хоорондоо янз янз болдог. Хүүхдүүдийн хооронд бол тийм юм байхгүй. Залуу багш нар ангиа түгжиж байгаад бэлгийн ажил хийдэг. Бас маш их архидалт болдог. Багш нар хичээлдээ согтуу ирдэг. Амнаас нь их архи үнэртдэг. Бидэнд маш их хэцүү байдаг. Бидний хичээлийг эрт тараадаг. Эрт тарчихаад би нэг удаа ангидаа юмаа мартаад эргээд орсон чинь хоёр багш хаалгаа түгжээгүй, бэлгийн ажил хийж байсан. Би ичээд гараад явчихсан.
-Эрэгтэй хүүхдүүдэд ямар дарамт үзүүлдэг вэ?
-Эрэгтэй багш нар хөвгүүдийг байнга зоддог. “Битгий зод л доо, боль” гэж хэлж үзсэн ч бидний үгийг тоохгүй онгирдог. Хичээлээ ойлгохгүй байна гэхээр дараа тайлбарлана гээд хойшлуулаад заахгүй өнгөрдөг. Давтлага өгддөггүй.
-ХАМГИЙН ИХ ХҮСЭЖ БАЙГАА ЗҮЙЛ ТЭНГИС КИНОТЕАТРТ КИНО ҮЗЭХ-
-Миний дүү чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
-Хичээлээ тараад дотуур байрандаа очоод хувцасаа угаана, хуваарийнхаа дагуу өрөөгөө цэвэрлэнэ. Өөр ч юу ч хийдэггүй. Өдөр болгон гадуур байдаггүй. Хааяа байрныхаа эмэгтэй найзуудтайгаа сэтгэлээ нээж, юм ярьж хөгжилддөг.
-Яг одоо юу хийхийг хүсч байна вэ?
-Хамгийн их хүсэж байгаа юм бол Тэнгис кино театрт адал явдалтай гоё кино үзмээр байна. Бас ах дүү нартайгаа чөлөөтэй уулзмаар байна. Хамаатан садандаа тусалмаар байна. Би одоо нийгэм яг ямар байдгийг ерөөсөө мэдэхгүй байна. Телевиз үзэх ямар ч сонирхолгүй. Яагаад гэхээр юу ч сонсохгүй. Тайлбар байхгүй учраас. Кино театрт кино үзэх гоё байх. Үйл явдлыг нь хараад сайхан байх гэж бодож байна. Бас багш нараа дохиогоор хичээлээ заагаасай гэж маш их хүсэж байна. Би өөр юу ч хүсээгүй. Гэтэл багш нар их уурлаад хүндээр тусгаж аваад байна.
ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ:
ФОТО: Нийслэлийн 29-р дунд сургуулийн сонсголгүй сурагчид хичээл хаялт зарлав ЭНД ДАРЖ үзнэ үү.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ