Г.Одбаяр олимпийн медальтнуудыг ялж түрүүллээ
Жүдо бөхийн Баку Их дуулга тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ өдөр "Женко" клубийн тамирчин ОУХМ Г.Одбаяр олимпийн медальтнуудыг ээлж дараалан сөхрүүлсээр алтан медаль хүртлээ. Тэрбээр хэсэгтээ эхний тойрогт хийлж улмаар Украины Артем Комулаг вазари үнэлгээгээр ялж, Азербайжаны Тельманыг цэвэр ялж хэсгийн аварга болсон. Их шөвөгт "Лондон-2012" олимпийн наадмын аварга, "Рио-2016" олимпийн хүрэл медальт Гүржийн алдарт бөх Лаша Шавдатуашвилиг ялж шигшээд шалгарсан. Аваргын төлөө дэлхийн хошой аварга, олимпийн мөнгөн медальтай Японы Рики Накаяаг вазари үнэлгээгээр ялснаар Бакугийн Их дуулгад анх удаа түрүүллээ. Мөн энэ өдөр эрэгтэйчүүдийн -81кг-д зодоглосон ОУХМ О.Ууганбаатар хүрэл медаль хүртлээ. "Д" хэсэгт тэрбээр эхний тойрогтоо гоц мөргөж Азербайжан, Унгарын бөхчүүдийг ялсаар хэсгийн аварга болсон. Хагас шигшээд Азийн аваргын хошой хүрэл медальт Саейд Моллаейд цэвэр ялагдснаар хүрэл медалийн төлөө барилдсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ