М.Нандин-Эрдэнэ сая долларын төлөө тулалдана
БНСУ-ын Сөүл хотод холимог тулааны “Road FC” холбоонд тулалдаж буй манай М.Нандин-Эрдэнэ Бразилын холимог тулааны нэрт тамирчин Бруно Мирандатай нэг сая ам.долларын төлөө халз тулаан хийх гэж байна. Манай хүний өрсөлдөгч Тайландын алдарт “Tiger MMA” клубт харьяалагддаг бөгөөд бүх өрсөлдөгчөө хүнд цохилтонд оруулсан хатуу самар юм. Харин М.Нандин-Эрдэнийн хувьд 2000 оны эхэн үед Монголын шилдэг ширэн бээлийтэн Э.Бадар-Ууган, П.Сэрдамба, У.Мөнх-Эрдэнэ, Б.Түвшинбат, З.Энхзориг нартай мөр зэрэгцэн бэлтгэл сургуулилт хийж, тэмцээн уралдаанд оролцож байв. Тэрээр 2007 онд Монголд болсон сонирхогчдын боксын Ази АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн ясны тулаанч юм. М.Нандин-Эрдэнэ, Бруно Миранда нарын тулаан Сөүл хотын Түндэмүн дүүрэгт ирэх сарын 15-нд болох юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ