МЧБХ-ны удирдлагуудад түр хорооноос шаардлага хүргүүллээ

Монголын чөлөөт бөхийн холбоо их хурлаа хуралдуулж, Удирдах зөвлөлөө сонгох гэсэн ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй. Улмаар Удирдах зөвлөл хуралдаж, УЗ-ын даргаар УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Батбаярыг томилсон билээ. МЧБХ-ны энэхүү үйл ажиллагааг хууль бус хэмээн үзэж буй дасгалжуулагч Б.Баяраа, Ц.Хосбаяр, тамирчин Ц.Цогтбаяр, Г.Мандахнаран тэргүүтэй 40 гаруй тамирчин хуралдаж, Түр хороо байгуулсан байна. Тус хорооны даргаар ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Гавьяат тамирчин О.Пүрэвбаатар сонгогдон ажиллаж байгаа аж. Тэгвэл өнөөдөр "Ээлжит их хурлыг зарлан хуралдуулах түр хороо"-ноос мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн хурлын үеэр түр хорооны дарга МУГТ О.Пүрэвбаатар дараах мэдээллийг өглөө. Тэрээр "Монголын чөлөөт бөхийн холбооны хамгийн сүүлийн албан ёсны Ерөнхийлөгч нь 2009 оны гуравдугаар сарын 14-ний Их хурлаар 180 төлөөлөгчийн санал хураалтаар сонгогдсон Л.Чинбат бөгөөд энэ хүний болон энэ үед байгуулагдсан удирдах зөвлөлийн эрх хэмжээ нь 2012 оны Лондонгийн олимпийн дараагаар дуусгавар болсон.

Үүнээсхойш энэ холбоо нь албан ёсны хурлаа хийлгүй, нэр бүхий хүмүүс дүрэм журмаа зөрчин, бусдын гарын үсгийг хуурамчаар зуран, хуурамч бичиг баримт үйлдэх, тамга тэмдэг нөхөн дарж улсын бүртгэлд бүртгүүлэх зэрэг гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг удаа дараа хийсээр өнөөг хүрсэн. Тиймээс одоогийн удирдлага гээд байгаа хүмүүсийг шийдвэр гаргах эрхгүй, эрх зүйн чадамжгүй гэж үзэн энэ цаг мөчөөс эхлэн МЧБХ нэрийн өмнөөс нэр бүхий хүмүүсийн урьд өмнө гаргасан болон гаргах ямар нэгэн тогтоол, шийдвэр, сонгон шалгаруулалтыг хүчин төгөлдөр хэмээн үзэхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэжбайна." гэлээ.

Тэд одоогийн удирдлагуудыг дүү нь ахдаа, ах нь дүүдээ албан тушаал бэлэглэн, тамга тэмдгээ солилцон, чөлөөт бөх сонирхогч мянга, мянган жирийн иргэд, дэмжигчид, энэ спортыг хөгжүүлэхийн төлөө ажил бүхнээ зориулсан багш дасгалжуулагчид, тамирчдын санал бодол, хүсэл сонирхлыг үл харгалзан, эрх ашгийг нь ноцтойгоор зөрчсөн үйл ажиллагаагявуулсаар байгаа гэж үзэж буйгаа илэрхийлж байлаа. Түүнчлэн өөрсдийгөө ямар нэгэн албан тушаалын төлөө яваагүй, зөвхөн МЧБХ-ны их хурлыг хуралдуулж, нийт төлөөлөгчдийнхөө дундаас санал хурааж удирдлагаа сонгохыг хүсч байгаа гэв. Учир нь өнгөрсөн хурлын үеэр холбооны ерөнхийлөгчид гурван хүнийг цаанаас шууд нэр дэвшүүлж, хуралд оролцогчдод танилцуулаад, удирдах зөвлөлийн гишүүдийн саналаар томилох тухай асуудал оруулж ирснийг түр хорооны гишүүд эсэргүүцэж байгаа аж. Тиймээс тэдний зүгээс "Монгол Улсын төлөө, шударга үнэний төлөө тэмцсэн тамирчин, дасгалжуулагч нараа шахан хавчсан шийдвэр, үйлдэл, эс үйлдлийг удаа дараа гаргасаар байна."гээд түр хорооноос МЧБХ-ны удирдлагуудад шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.

Н.Цэнгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ