Б.Хулан жюү жицү, жүдо бөхийн улсын аварга боллоо
Монголын жюү жицүгийн холбооны насанд хүрэгчдийн 7дахь, Өсвөр үеийн 5 дахь, No Gi –төрлийн 4 дахь, мастеруудын 3 дахь удаагийн Монгол Улсын аварга шалгаруулах ЖЮҮ ЖИЦҮ-гийн тэмцээн энэ сарын 21-22-нд зохион байгуулагдаж байна.
Энэхүү тэмцээнээс АНЭУ-ын Абу Даби хотноо дөрөвдүгээр сарын 17-22-нд болох Шилдгүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох найман тамирчин тодорно. Тэдгээр тамирчдын ДАШТ-д оролцох бүх зардлыг АНЭУ-ын ЖЖХ хариуцах юм. Тэмцээний шагналын сан 48.000 доллар.
Тэмцээнд чөлөөт бөх, жүдо, холимог тулааны шилдэг мастерууд оролцож байгаа юм. Урлагийн салбараас "Тв коктейль" хамтлагийн жүжигчин Өскө буюу А.Өнөржаргал цагаан бүсний 69 кг-ын жингийн ангилалд өчигдөр хүч үзэж хүрэл медалийн эзэн боллоо.
Насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн хөх бүсний 70 кг-ын аваргын төлөөх барилдаанд “Женко” клубийн тамирчин Б.Хулан “Гаруда”-гийн М.Нарангаравыг өчих мэхээр ялж, түрүүллээ. Тэрээр энэ жилийн жүдо бөхийн УАШТ-д мөн аваргалсан юм. Б.Хулан ийнхүү энэ жилийн жюү жицү, жүдо бөхийн улсын аварга боллоо. Энэ жинд хүрэл медалийг “Женко” клубийн Ж.Ариунтуул хүртэв.
Сонирхуулахад, 2017 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Н.Түвшинбаяр хүү, МУГТ Х.Цагаанбаатарын хүү өсвөр насны ангилалд оролцсон юм. Гэвч Хөдөлмөрийн баатар олимпийн аварга Н.Түвшинбаярийн хүү Т.Манлай 25 кг жинд зодоглож, эхний тойрогт хийлж, удаах барилдаанаа "Хангарьд"-ын Б.Ижилбаяртай барилдан ялагдлаа. Олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатарын хүү Ц.Ховор-Эрдэнэ "Гаруда" клубээр овоглон жюү жицүгийн өсвөрийн улсын аваргад зодоглон эхний тойрогтоо СХД-ийн Б.Сэдэдрагчаатай барилдаж өчих мэхээр ялагдлаа.
Тэмцээний жин жингийн медаль авсан тамирчид өрсөлддөг опен төрөлд түрүүлж, ДАШТ-д оролцох эрх авсан тамирчид:
1.Эмэгтэйчүүдийн -62 кг А.Саранзул (Monde BJJ)
2.Эмэгтэйчүүдийн + 62 кг Б.Хулан /Женко/
3.Эрэгтэйчүүдийн 77 кг Б.Эрхбаяр /Женко/
4.Эрэгтэйчүүдийн110 кг Г.Алтанбагана /МУБИС/
Ягаан бүс
5.Дэлхийн аварга Ц.Батцэцэг /ГАРУДА/
6.Б.Ариунцог /Monde BJJ/
7.М.Батбилэг /Гаруда/
Эдгээр тамирчдын тэмцээний бүх зардлыг АНЭУ-ын Жюү жицүгийн холбоо бүрэн хариуцна.
Ч.Амар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ