"Пепси лиг"-ийн 5-р тойрог эхлэв
"Хангарьд", "Соёмбын барсууд"-аас хялбархан гурван оноо салгалаа
Тойргийн нээлтийн тоглолт Орхон аймгийн "Хангарьд", БХИС-ийн "Соёмбын барсууд" багуудын хооронд өрнөлөө. Өмнөх хоёр тойрогт "Унаганууд", "Арвис" клубуудад дарааллан хожигдсон "Хангарьд"-д зөвхөн гурван оноо хэрэгтэй байлаа. Тиймдээ ч тоглолтын эхнээс санаачлагыг гартаа авч, нэгдүгээр үед 5-0-ийн харьцаатай илүүрэхлээ. Тийнхүү "Хангарьд"-ын залуус тэргүүллээ хоёрдугаар үед улам бататгаж, үндсэн цагт 12:1-ээр хожлоо. "Армийн баг"-аас нэр төрийн гоолыг 18 дугаартай С.Батсүх 31' дэх минутад орууллаа. "Соёмбын барсууд"-ын хувьд футзалын лигт "Хангарьд"-аас оноо салгаж чадаагүй сөрөг үзүүлэлттэй хэвээр үлдлээ.
Энэхүү тоглолтод "Хангарьд" клубын Т.Энх-Эрдэнэ дөрвөн гоол оруулж, тоглолтын шилдэгээр нэрлэгдлээ. Тавдугаар тойргийн нээлтийн тоглолтыг МХБХ-ны 2-р зэрэглэлийн шүүгчдээс бүрдсэн Р. Жаргалсайхан /ахлах/, Н.Батбилэг /туслах/, Ц.Алтангадас 3-р шүүгч, Б.Намсрайжав /цагчин шүүгч/ нар дэнсэллээ.
Улирлын анхны оноогоо авах зорилготой байсан "Сэлэнгэпресс" дахин хожигдлоо
Лигийн эхний гурван тоглолтоос нэг ч оноо аваагүй нь "Сэлэнгэпресс" клубын түүхэнд байгаагүй муу эхлэл болоод байлаа. Тиймдээ ч энэ тойргоос лигийн анхны оноогоо авахыг хүсч байгааг тойргийн өмнөх хэвлэлийн бага хурал дээр дасгалжуулагч Б.Чин-Оргил мэдэгдээд байсан юм. Харин тэдний өрсөлдөгч "Атлетик 220" өмнө нь "Контенинталь" нэрээр "Сэлэнгэперсс"-тэй футзалын лигт хоёр удаа учраа таарахдаа хоёуланд нь хожсон гэсэн эерэг үзүүлэлттэй байв. Тоглолтын эхний хагаст "Сэлэнгэпресс" 2:4-өөр илүүрхэж байсан ч шийдвэрлэхийн үеийн төгсгөлийг муу хийж, үндсэн цагт 9:7-оор хожигдлоо. Тус тоглолтод "Атлетик 220" клубээс Б.Цогтбаатар, "Сэлэнгэпресс"-ээс Б.Мөнхболд тус бур таван гоолыг оруулсан сонирхолтой тохиолдол гарлаа. Гэхдээ багаа хожилд хүргэсэн Б.Цогтбаатар тоглолтын шилдэгээр нэрлэгдлээ.
Энэхүү гал гарсан тоглолтыг МХБХ-ны 1 болон ОУХБХ-ны зэрэглэлтэй шүүгч Б.Хаш-Эрдэнээр ахлуулсан Э.Нямсайхан /туслах/, Н.Оргилбаяр /3-р шүүгч/, Б.Логьшир /цагчин шүүгч/ шүүгчдийн баг шүүн явууллаа.
"Мазаалайнууд" лигийн хоёр дахь хожлоо авлаа
Тойргийн гурав дахь тоглолт "Бумаасанаа", "Мазаалайнууд" багуудын хооронд явагдлаа.
Футзалын УАШТ-ээс "Пепси лиг"-ийн эрхээ аван тоглож буй гурван багийн нэг "Бумаасанаа" анх удаа өөрсдийн нэгдүгээр баг гэгддэг "Мазаалайнууд"-тай МХБХ-ны "А" зэрэглэлийн тэмцээнд тоглож байгаа нь энэ байлаа. Тиймдээ ч ач холбогдол өгөн, тоглолтын эхнээс анхааралтай тоглож байлаа. Түүнийхээ ачаар эхний хагаст 4:2-оор илүүрхэв. Гэвч шийдвэрлэх хагаст хангалтгүй тоглолтыг үзүүлэн 8:6-аар хожигдлоо. "Мазаалайнууд" клубын залуу тоглогч М.Билгүүн гурван гоол оруул, тоглолтын шилдэгээр нэрлэгдлээ. "Бумаасанаа"-ийн Б.Ганзориг мөн гурван гоол оруулсан ч баг нь харамсалтайгаар хожигдлоо. Энэхүү тоглолтыг МХБХ-ны шүүгчид болох Г.Сүх-Эрдэнэ /ахлах/, Ц.Алтангадас /туслах/, Б.Намсрайжав /3-р шүүгч/, Г.Давхарбаяр /цагчин шүүгч/ нар шүүн явууллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ