Говь-Алтай-Төв аймгийн багийн хожсон нь хэсгээ тэргүүлэх эрхтэй болно

Монгол Улсын ерөнхийлөгчийн ивээл дор явагддаг 21 аймгийн аварга шалгаруулах "Үндэсний цом" тэмцээн анх удаа футзал төрлөөр Дархан-Уул аймагт амжилттай зохион байгуулагдаж байна.

Нийт 18 аймгийн 300 гаруй тоглогчид оролцож буй "Футзалын үндэсний цом" анхдугаар тэмцээний гурав дахь өдрийн тоглолтууд энэ сарын 18-нд явагдлаа. Өнгөрсөн онд Сүхбаатар аймагт зохион байгуулагдсан талбайн "Үндэсний цом" тэмцээнд аваргалсан Дорнод аймгийн шигшээ баг энэ өдрийн тоглолтодоо Дундговь аймгийн багийг 11:1-р буулган авсанаар "А" хэсгээс 1-р гарах болзолоо хангалаа. Хэдийгээр Сүхбаатар аймгийн сүүлийн тоглолтод Дорнодтой оноо тэнцэж болох ч хоорондын тоглолтын харьцаагаар, ард нь бичигдэх юм.

Харин таван багтай нөгөө нэг хэсэг болох "B" хэсэгт багтсан Говь-Алтай, Төв аймгийн багууд өнөөдөр /2017.01.20/ чухал тоглолтыг хийхээр боллоо. Энэхүү тоглолтод хэн хожсон нь хэсгээ тэргүүлэх эрхтэй болно. Хамгийн олон баг оролцож буй энэ тэмцээний хэсэг бүрээс хөдөө орон нутгийн шилдгийн шилдэг багууд шалгарах төлөвтэй байгаагаас харахад, хасагдах шатны тоглолтууд тун сонирхолтой болох нь дамжиггүй юм.

Н.Цэнгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ