Спортын ордны заалыг "гуйсан vs гуйгаагүй"
Спортын төв ордны эргэн тойронд маргаан өрнөөд буй. Тодруулбал, МҮСБХ-ноос лигээ зохион байгуулах заалгүй болсонд БТСГ-ыг буруутгаж байгаа бол БТСГ-аас энэ тухай хүсэлтээ ирүүлээгүй гэв. Ямартай ч тэдний аль аль талынх нь байр суурийг хүргэе.
Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ц.Цэвэрбал, МҮСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга болон сагсчид өчигдөр хэвлэлийн бага хурал хийж, БТСГ Спортын төв ордонд заал өгөхгүй байна гэсэн асуудлаар мэдээлэл өгсөн юм.
МСБХ-ны ерөнхийлөгч Ц.Цэвэрбал "МСБХ нь 2016 оны хоёрдугаар сард Улсын бүртгэлд албан ёсоор бүртгэгдсэн. Хөгжих боломж бүрдсэн энэ түүхэн амжилтын жилд байгууллагын бүртгэлийг хүчингүй болгох гэж оролдож байгаа нь харамсалтай." гэсэн бол МҮСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга “Өнөөдөр сагсан бөмбөгийн лигийн тэмцээн уралдаан хийх заалгүй болчихоод байж байна. Спортын төв ордонд лигийн тэмцээн явуулахгүй гэсэн учраас аргаа бараад аймгуудын лиг эхлүүлсэн. Гэтэл одоо дахиад заалгүй болж хөдөө орон нутагт нь очиж хийхээр боллоо. 2017 оны ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолт, 2018 онд Индонезийн Азийн наадамд сагсчид оролцохгүй байх вий гэж эмээж байна" гэх зэрэг мэдээллийг өгсөн. Тэд энэ үеэр багийн спортыг тэр дундаа сагсан бөмбөгийн спортыг хөгжил дэвшил рүү нь явуулаач гэж гуйж байгаагаа илэрхийлж байв.
Тэгвэл энэ асуудалд хариу болгож БТСГ-ын Спортын ордны менежер Г.Нямдорж өнөөдөр мэдээлэл хийж, тайлбар өглөө.
Тэрээр“МҮБСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа “БТСГ заал өгөхгүй байна” гэж олон нийтэд ташаа мэдээлэл тараасан. БТСГ-ын дарга Ц.Шаравжамц өнгөрсөн оны наймдугаар сард энэ байгууллагад удирдах албанд томилогдсон. Томилогдсон өдрөөсөө хойш аливаа асуудлыг хуулийн дагуу шийдвэрлээрэй гэж бидэнд үүрэг даалгавар өгсөн. Спортын төв ордонд есдүгээр сард сагсан бөмбөгийн олон улсын тэмцээн болсон. Энэ тэмцээнд зориулж бэлтгэл сургуулилт хийх талбайгаар хангаж өгсөн. МҮСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга хүсэлт гаргасны дагуу заал, талбай гаргасан. Мөн залуучуудын УАШТ, лигийн аварга шалгаруулах тэмцээн болсон. Он гараад 21 аймгийн лигийн аварга шалгаруулах тэмцээн гурван өдөр явагдсан. Одоо боксын УАШТ энэ ордонд болох гэж байна.
Одоогийн байдлаар Спортын төв ордонд уралдаан тэмцээн зохион явуулах хүсэлт өгсөн 20 гаруй байгууллага байна. Спортын төв ордон хотын төвд байдаг болохоор арга хэмжээ зохион байгуулах хүсэлтэй байгууллага олон байдаг. Тэр хүсэлтийг аль болох зохицуулахыг хичээж ажиллаж байна. МҮСБХ-нд заал өгөхгүй гэсэн асуудал байхгүй. Хамгийн гол нь заал авах хүсэлтээ өгөх хэрэгтэй. Тийм өргөдөл өнөөдрийг болтол бидэнд ирээгүй” гэсэн юм.
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ