"Пепси лиг"-ийн II тойргийн тоглолтууд болов
Монголын Хөлбөмбөгийн Холбоо, "Пепси" брэндтэй хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулж буй "Пепси" футзалын лигийн хоёрдугаар тойргийн тоглолтууд боллоо. Энэ өдрийн эхний тоглолт өнгөрсөн жилийн хүрэл медальт "Хоромхон" болон УАШТ-ээс эрхээ аван оролцож буй "Бумаасанаа" клубүүдийн хооронд боллоо.
Нээлтийн тойрогт "Арвис"-д 8:2-оор хожигдсон "Бумаасанаа" өчигдөр "Хоромхон"-той эн тэнцүү өрсөлдөөнийг үзүүллээ. Ялангуяа "Бумаасанаа" клубийн довтлогч Ч.Бат-Эрдэнэ тун сайн тоглолтыг үзүүлж "Хоромхон"-ы хүчирхэг бүрэлдэхүүний эсрэг гурван гоол /14, 23, 32' минут/ орууллаа. Мөн "Хоромхон" клубийн залуу тоглогч Б.Балжинням 4, 33, 34 дэх минутуудад гурван гоол оруулсан. Тийнхүү нийт 14 гоол орсон тоглолтод "Хоромхон" 5:9-өөр өрсөлдөгчөө буулган авав. Ингэснээр Б.Гансүх дасгалжуулагчийн шавь нар зургаан оноотой хүснэгтийг тэргүүлээд эхэлсэн юм.
Мөн "Дэрэн", "Улаанбаатарын Мазаалайнууд"-ын тоглолт олны сонирхол татаж байлаа. Гэхдээ тоглолтын үндсэн цаг эхэлснээс хойш Серби мэргэжилтэн Вочислав Бралусичийн удирдсан залуу хөвгүүд илүү тоглолтыг үзүүлэв. Нэгдүгээр үе Ц.Төмөр-очир 10', Б.Ууганбат 11', А.Тэмүүжин 16 нар гоол оруулснаар "Дэрэн" эхний хагасыг тэргүүлж өндөрлүүллээ. Харин хоёдугаар үед "Мазаалайнууд" эргэн ирэлт хийхийг оролдож, Э.Энхтүвшин 23, Р. Өнө-Эрдэнэ 28, Ө.Эрдэнэболор 31 дэх минутад гоол оруулав. Гэвч "Дэрэн" клубээс Б.Ууганбат 21', Г.Гандэлгэр 29', Б.Батмөнх 32' минутад гоол оруулснаар өрсөлдөгчөө 6:3-аар буулган авлаа.
"Пепси лиг"-ийн хоёрдугаар тойргийн сүүлийн тоглолт "Гоёо" болон "Сэлэнгэпресс" клубүүдийн хооронд явагдлаа.УАШТ-нд түрүүлж "Пепси лиг"-ийн эрхээ авсан "Гоёо" клубээс тоглолтын эхний гоолыг 45 дугаартай С.Дөлгөөн орууллаа. Гэхдээ "Сэлэнгэпресс"-ээс Б.Мөнх-Эрдэнэ 17', Б.Мөнхболд 20' минутад 10 метрийн торгуулийн цохилтоос гоол оруулснаар нэгдүгээр үе тэдний давамгайлал дор өндөрлөлөө. "Сэлэнгэпресс" клубын 12 дугаартай Б.Мөнх-Эрдэнэ хоёрдугаар үед нэмж гурван гоол оруулсан ч тэр нь хожил авахад хангалтгүй байлаа. Өөрөөр хэлбэл "Гоёо" клубийн С.Энхсайхан, М.Энх-Од нарын гоол оруулан тооны харьцааг ойртуулаад байсан бол Герман тоглогч Марк Кубин 39 дэх минутад хоёр гоол оруулан тоог 5:5 болгон тэнцүүлэв. Тийнхүү тоглолтын сүүлийн минутад "Гоёо" клуб 10 метрийн торгуулийн цохилт гүйцэтгэхэд Марк Кубин тэрхүү боломжийг ашиглаж чадаагүй ч сөрөг довтолгооноос өөрийн гурав дахь, багийнхаа 6 дахь гоолыг "Сэлэнгэпресс"-ийн хаалганд шигтгэж чадлаа. Тийнхүү УАШТ-ээс эрхээ авч "Пепси лиг"-т өрсөлдөж буй "Гоёо" лигийн анхны хожлоо "Сэлэнгэпресс" клубээс авлаа.
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ