“ХАД”, “Монголын тэмүүлэл” клубүүд улсын аваргын төлөө өрсөлдөнө

Монголын Хөлбөмбөгийн Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Футзалын эмэгтэйчүүдийн УАШТ”-ий хагас шигшээгийн хоёр тоглолт өнөөдөр явагдлаа.

Хагас шигшээгийн эхний тоглолт гадаа талбайн лигийн анхдагч болон хоёрдогч аварга “ХАД”, “Арвис” клубүүдийн хооронд боллоо. Үндэс цагийн эхний минутад “Арвис” клубийн М.Ичинхорлоо тооны харьцааг нээсэн ч түүний гоолоос ердөө хоёр минутын дараа “ХАД” клубийн Ө.Ганцэцэг тоог тэнцүүлэв. Тийнхүү эхний хагас тэнцээгээр өндөрлөсөн бол хоёрдугаар үе дөнгөж эхлээд 2015 оны шилдэг эмэгтэй тоглогч “ХАД” клубийн лидерүүдийн нэг Б.Намуун тэргүүллийн гоолыг орууллаа. Хэдийгээр “Арвис” клубийн М.Ичинхорлоо 22’ минутад өөрийн хоёр дахь гоолыг оруулж, тоог тэнцүүлсэн ч “ХАД”-ын Ө.Ганцэцэг мөн өөрийн хоёр дахь гоолыг өрсөлдөгчийнхөө хаалганд шигтгэж чадсанаар, багаа ялалтад хөтөллөө. Шигшээд шалгарсан “ХАД”-тай тоглох багийг тодруулахаар “Дэрэн”, “Монголын тэмүүлэл” клубүүд шийдвэрлэх тулааныг хийлээ.

“Дэрэн”-ээс эхний хагаст Ө.Ундрах 4, 12 Г.Солонго 13 “Монголын тэмүүлэл”-ээс Г.Шинэцэцэг 15 дахь минутад гоол оруулан 3-1 харьцаатай “Дэрэн” давамгайлсан. Гэхдээ хашир туршилагатай Ц.Ганболд дасгалжуулагчийн шавь нар хоёрдугаар үед үр дүнг эргүүлэн үндсэн цагт 4:4-өөр тэнцэв. Тийнхүү торгуулийн цохилтоос ялагчийг шийдвэрлэхэд “Монголын тэмүүлэл”-ээс Н.Номинбаяр, Э.Сарангэрэл нар цохилтоо амжилттай гүйцэтгэж баг нь 2:1-ээр хожлоо. Баасан гарагт хүрэл медалийн төлөө “Арвис”, “Дэрэн” клубүүд тоглох бол аваргын алтан цомыг “ХАД”, “Монголын тэмүүлэл” клубүүд булаалдана. Ингэснээр “А” хэсгээс шалгарсан “ХАД”, “Монголын тэмүүлэл” мөн “В” хэсгээс хамт хасагдах шатанд үлдсэн “Арвис”, “Дэрэн” клубүүд медалийн төлөө тоглохоор боллоо.

Н.Цэнгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ