“Үндэсний лиг”-ийн тэмцээний улирлын тоглолтууд үргэлжилж байна

Эмэгтэйчүүдийн “Үндэсний лиг”-ийн ээлжит тоглолтод Архангай болон Ховд аймгийн хооронд болов. Тоглолтын эхнээс Болор-Эрдэнэ тэргүүтэй Ховд аймгийн баг өрсөлдөгчөө илт илүүрхсэн юм. Улмаар тэд дөрвөн үеийн турш давамгайлж, Архангай аймгийн багийг 74:41-ээр буулган авлаа. Тус тоглолтод Болор-Эрдэнэ 21 оноо, 11 самбар, Майжаргал 16, Өнөрмөө 11 оноо авчээ. Архангай аймгийн багаас 10+ оноо авсан тоглогч хараахан байсангүй.

Баруун бүсийн Завхан аймгийн баг өчигдөр Баянхонгор аймгийн “Баянхонгор Мазаалай”-тай учраа таарав. Завханчуудлегионер тоглогч Роберт Тюрнерийг эгнээндээ нэгтгэсэн аж. Тоглолт эхнээсээ тэнцүүхэн өрнөсөн. Хоёрдугаар үед Баянхонгор аймгийн баг бага зэрэг давамгайлав. Гуравдугаар үед Завхан аймгийн багийн тоглолт сэргэсэн бөгөөд тооны харьцааг тэнцүүлсэн юм. Улмаар шийдвэрлэх дөрөвдүгээр үед өрсөлдөөн дээд цэгтээ хүрлээ. Улмаар тоглолтын цаг дуусахаас 2 секундын өмнө Баянхонгор аймгийн багийн тоглогч Э.Ариунболд алсын зайн шидэлтээ амжилттай болгон тоглолтын тооны харьцааг тэнцүүлсэн юм. Ийнхүү нэмэлт цагт ялагч тодрохоор болов. Нэмэлт цагт Баянхонгор аймгийн залуус тун сайн тоглож өрсөлдөгчөө 112:108-аар буулган авлаа. Ийнхүү тэд улирлын тав дахь хожлоо байгуулсан юм. Харин Завхан аймгийн баг зургаа дахь хожигдлоо амсав. Тус тоглолтод М.Даваадорж 22 оноо, Төгсцогт 21 оноо, 17 самбар, Баасандорж 17, Мөнхбат 17, Ариунболд 15 оноо авчээ. Завхан аймгаас Гансүх 25, Р.Тюрнер 24 оноо, 10 самбар, 6 оновчтой дамжуулалт, М.Хэммондс 19 оноо, 16 самбар авсан байна.

Хожигдох эрхгүй болсон “Увс Нуур” өчигдөр Хөвсгөл аймгийн “Хөвсгөл Нэг Үе”-тэй хүч үзэв. Тоглолтын эхнээс Хөвсгөл аймгийн залуус багаараа тун гайхалтай жигд ажиллаж байлаа. Өмнөх тоглолтод Ховд аймгийн хүчирхэг багийг буулган авсан “Увс Нуур” багийн тоглолт огт харагдсангүй. Тоглолтын эхнээс тэргүүллийг авсан “Хөвсгөл Нэг Үе” дөрвөн үеийн турш илт илүүрхэж өрсөлдөгчөө 113:84-өөр буулган авч, улирлын дөрөв дэх хожлоо авав. Тус тоглолтод Б.Наранбаатар 25 оноо, 12 самбар, Тайванхүү 17 оноо, Лхагвасүрэн 13 оноо авсан байна. “Увс Нуур” багаас Мэндбаяр 15 оноо, 11 самбар, Батбуян 11, Билгүүн 11, Баяртулга 10 оноо авав. Хөвсгөл Нэг Үе багаараа 54 хувьтай довтолсон бол Увс Нуур ердөө 34 хувьтай довтолсон юм. Мөн Увс нуур багаараа 37 удаа алсын зайн шидэлт хийж, долоог нь амжилттай болгосон аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ