“Алтан бөмбөг”-ийн эзэд тодорлоо
Монголын хөлбөмбөгийн шилдэгийн шилдэгүүдийг тодруулах "Алтан бөмбөг" ёслолын ажиллагаа өчигдөр "Шангри-Ла Улаанбаатар” зочид буудалд боллоо. Хоёр дахь жилдээ зохиогдож буй "Алтан бөмбөг" ёслолын ажиллагаа зургаан номинацийн эзнийг тодруулсан байна. Номинаци бүр дээр хамгийн өндөр санал авсан шилдэг гурван оролцогч болон "Бэлгэдлийн 11" тоглогчийг тодруулжээ. Ёслолын үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд оролцож, шагнал гардуулав.
2016 оны “Шилдэг эмэгтэй багийн дасгалжуулагч”-аар “Арвис” клубын эмэгтэйчүүдийн баг болон өсвөрийн багийн дасгалжуулагч Л.Банзрагч тодорлоо.
Түүний удирдсан “Арвис” клубын охидын баг МХБХ-оос зохион байгуулдаг эмэгтэй хөлбөмбөгчдийн хамгийн том тэмцээн болох “Эмэгтэйчүүдийн лиг”-ийн аваргын алтан цомыг өргөсөн байна.
Харин “Шилдэг эрэгтэй багийн дасгалжуулагч”-аар “Эрчим” клубын болон Монголын шигшээ багийн ахлах дасгалжуугч З.Баттулга тодорлоо. З.Баттулга “Эрчим” клубыг өнгөрсөн жилээс удирдаж, ахлах дасгалжуулагчийн үүргийг гүйцэтгэсэн ч хоёр жил дараалан “Хүрхрээ” үндэсний дээд лигийн аваргын цомыг өргөж, бахдам амжилт үзүүлжээ.
2016 оны “Ганган гоол”-ын шагналыг “Хоромхон” клубын төвийн хамгаалагч Д.Төрбатын оруулсан уран гоол авсан байна. Д.Төрбат энэхүү “Ганган гоол”-оо “ШМ Баянгол” клубын хаалганд оруулжээ.
2016 оны “Шилдэг эмэгтэй тоглогч”-оор “Эмэгтэйчүүдийн лиг”-ийн аварга “Арвис” багийн ахлаг ч А.Алтантуяа тодорлоо. А.Алтантуяа “Арвис” клубын эмэгтэйчүүдийн багийг ахлан “Эмэгтэйчүүдийн УАШТ”, “Эмэгтэйчүүдийн лиг”-ийн тэмцээнд оролцож, хоёр дахь удаагаа зохиогдсон “Эмэгтэйчүүдийн лиг”-ийн аварга болсон байна.
2016 оны “Шилдэг шүүгч”-ээр МХБХ-ны нэгдүгээр зэрэглэл болон Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны шүүгч Ч.Жавхлан шүүгч тодорчээ. Ч.Жавхлан МХБХ-ны шүүгч болоод найман жил болохдоо олон олон тэмцээний шилдэг шүүгчээр нэрлэгдэж байсны хамгийн том нь 2015 оны “Хүрхрээ” үндэсний дээд лигийн шилдэг шүүгчийн шагнал юм.
2016 оны “Шилдэг эрэгтэй тоглогч”-оор “Хангарьд” клубын довтлогч О.Мижиддорж тодорсон байна. О.Мижиддорж “Хүрхрээ” үндэсний дээд лигийн 2016 оны улиралд нэг ч тоглолт өнжилгүй 18 тоглолтод оролцож, 29 гоол оруулан, дээд лигийн шилдэг довтлогчийн шагналыг хүртжээ. Түүнд шилдэгийн шагналыг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд гардууллаа.
Мөн 2016 оны “Бэлгэдлийн 11”-т багтсан шилдэг тоглогчдод алтан бөмбөгийг нь гардууллаа. “Бэлгэдлийн 11”-т багтсан шилдэг тоглогчид:
Хаалгач: Б.Ариунболд
Хамгаалагч: Г.Билгүүн
Хамгаалагч:Б.Гарьдмагнай
Хамгаалагч:Д.Төрбат
Хамгаалагч:О.Оюунбаатар
Хагас хамгаалагч:Ишино Шута /Япон/
Хагас хамгаалагч:М.Мөнх-Эрдэнэ
Хагас хамгаалагч:О.Баяржаргал
Хагас хамгаалагч:Э.Пүрэвдорж
Довтлогч: Н.Наранболд
Довтлогч: О.Мижиддорж
“Алтан бөмбөг” ёслолын ажиллагааны салшгүй нэг хэсэг болох МХБХ-ны Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг Дорнод аймгийн хөлбөмбөгийн холбоо хүртсэн бол “Хангарьд” клубт “Хүндэт алтан бөмбөг” шагналыг МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар гардуулсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ