А.Батцэцэг, С.Цэрэнчимэд, О.Насанбурмаа нар алтан медаль хүртжээ

ОХУ-ын Чуваш улсын Новочебоксарск хотын “Чебоксары Арена” спортын ордонд тус улсын Тэргүүн М.В.Игнатьевийн нэрэмжит нээлттэй “Кубок России по женской борьбе” олон улсын тэмцээн хоёр өдөр болж өндөрлөлөө.

55 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер А.Батцэцэг нэгдүгээр тойрогт дагестаны бөх Хадижат Муртузалиеваг 10:0 онооны харьцаагаар хожиж хоёрдугаар тойрогт казахстаны бөх Эмма Матисинаг 6:0 онооны харьцаагаар буулган авч гуравдугаар тойрогт мөнгөн медалийн төлөө барилдаанд буриадын бөх Марина Вильмоваг 11:0 онооны харьцаагаар ялж алтан медалийн төлөө беларуссын бөх Ирина Курочкинатай өрсөлдөж хөлд орох, мушгих мэх хийж 6:2 онооны харьцаагаар дийлжээ. А.Батцэцэг нь тус тэмцээнээс өмнө нь хошой хүрэл медаль хүртэж байсан амжилтаа энэ удаа ахиуллаа.

58 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд нэгдүгээр тойрогт Москва хотын бөх Екатерина Вьюноваг 10:1 онооны харьцаагаар хожиж хоёрдугаар тойрогт ялалт байгуулж хагас шигшээ барилдаанд чувашийн бөх Вероника Чумиковаг 10:9 онооны харьцаагаар ялж алтан медалийн төлөө Москва хотын бөх Юлия Албороватай барилдаж барилдааны хугацаа дуусах үед 1 оноо авч 7:7 онооны харьцаагаар хожсон.

69 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Насанбурмаа нэгдүгээр тойрогт буриадын бөх Анна Щербаковаг 9:3, хоёрдугаар тойрогт ялалт байгуулж хагас шигшээ барилдаанд Москва мужийн бөх Анастасия Братчковаг 2:2 онооны харьцаагаар хожиж алтан медалийн төлөө италийн бөх Далма Коневатай барилдаж хөлд нь орж оноо түүсээр илүүрхэн ялсан.

75 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Одончимэг нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт спортын дэд мастер Г.Уртнасанг цэвэр ялж мөнгөн медалийн төлөө Красноярскийн хязгаарын бөх Алёна Стародубцеваг 2:0 онооны харьцаагаар дийлж алтан медалийн төлөө барилдаанд эстонийн бөх Эпп Маетай барилдаж 0:11 онооны харьцаагаар дийлджээ.

Жин тус бүрт түрүүлсэн бөхөд эмэгтэй чөлөөт бөхийн спортыг билэгдсэн, гар хийцийн Цом гардуулж 5, мөнгөн медаль хүртсэн бөхийг 3, хүрэл медаль хүртсэн бөхийг 1 мянган ам.доллараар урамшуулж байлаа.

Тэмцээнд “Алдар” спорты хорооны дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, Дархан-Уул аймгийн Биеийн тамир, спортын газрын дасгалжуулагч Е.Батдарханы нарын удирдлага дор 12 бөх оролцож 6 медаль хүртлээ. Олон улсын шүүгч Г.Амархүү шүүгчээр ажилласан байна.

Тэмцээний дүн

48 кг 1. Анжелика Ветошкина /Санкт-Петербург хот/

2. Алина Морева /Брянск муж/

3. Ц.Энхжаргал /“Алдар” спорт хороо, ДАШТ-ний хүрэл медальт/

3. Милана Дадашева /Дагестан улс, оюутны дэлхийн аварга/

53 кг 1. Наталья Малышева /Хакасс улс, европийн залуучуудын аварга/

2. Екатерина Полещук /Краснодарын хязгаар/

3. Любовь Сальникова /Кемерово муж/

3. Стальвира Оршуш /Буриад улс/

55 кг 1. Алтанцэцэгийн Батцэцэг /“Дархан-Хасу-Мегастарс” клуб,

залуучуудын дэлхийн аварга/

2. Ирина Курочкина /Беларусь, европийн аварга шалгаруулах

тэмцээний мөнгөн медальт/

3. Нина Менкенова /Буриад улс/

3. Марина Симонян /Москва хот/

58 кг 1. Сүхээгийн Цэрэнчимэд /“Алдар” спорт хороо, насанд хүрэгчдийн

болон залуучуудын дэлхийн аварга/

2. Юлия Алборова /Москва хот/

3. Кристина Елоева /Санкт-Петербург хот/

3. Вероника Чумикова /Чуваш улс/

60 кг 1. Наталья Гольц /Чуваш улс, ДАШТ-ний хошой хүрэл, мөнгөн

медальт, европийн 5 удаагийн аварга/

2. Вероника Иванова /Беларусь, Европийн спортын

наадмын хүрэл медальт/

3. Мария Матющенко /Красноярскийн хязгаар/

3. Светлана Липатова /Татар улс/

63 кг 1. Инна Тражукова /Ульяновск муж, европийн аварга шалгаруулах

тэмцээний хүрэл медальт/

2. Анжела Фоменко /Москва хот/

3. Валерия Лазинская /Москва муж/

3. Мария Кузнецова /Чуваш улс/

69 кг 1. Очирбатын Насанбурмаа /“Алтай констракш” компани,

ДАШТ-ний 3 хүрэл медальт, азийн аварга/

2. Далма Конева /Итали/

3. Анастасия Братчикова /Москва муж/

3. Шархүүгийн Түмэнцэцэг /”Хилчин” спорт хороо/

75 кг 1. Эпп Мае /Эстони, ДАШТ-ний хүрэл медальт/

2. Бадрахын Одончимэг /“Алдар” спорт хороо, ДАШТ-ний

хүрэл медальт/

3. Алёна Стародубцева /Красноярскийн хязгаар/

3. Дарья Шистерова /Дагестан улс/

СЭТГЭГДЭЛ БИЧИХ