Д.Отгонцэцэг ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ

Унгар улсын нийслэл Будапешт хотын “Syma Csarnok” спортын ордонд олимпийн бус жингүүдийн ДАШТ эхэлж эхний өдөр эрэгтэй чөлөөт бөхийн 61, эмэгтэй чөлөөт бөхийн 55 кг-ын жингүүдийн барилдаан болжээ.

Эмэгтэй чөлөөт бөхийн 55 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Д.Отгонцэцэг нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт азербайжаны бөх Алёна Колесникийг 10:5 онооны харьцаагаар ялж гуравдугаар тойрогт ДАШТ-ний мөнгөн медальт, европийн аварга, оросын Ирина Ологоновад 0:5 онооны харьцаагаар хожигдож дагах барилдаанд ХБНГУ-ын бөх Жаклина Шашкия Шеллинийг 10:0 онооны харьцаагаар хожиж хүрэл медалийн төлөө беларуссын Катарина Гончарь Янушкевичтай барилдаж 10:0 оноогоор илүүрхэн хожжээ.

Ийнхүү Д.Отгонцэцэг 2011 онд ДАШТ-нээс мөнгөн медаль авч байсан амжилтаа улам баяжуулж чөлөөт бөхийн спортоор ДАШТ-нээс хос медаль хүртсэн 9 дэх, эмэгтэй бөхчүүдийнхээ хувьд хоёр дахь тамирчин болжээ.

Дархан-Уул аймгийнхаа унаган охины хувьд аймгийн 50 жилийн ойд зориулсан хүрэл медаль нь манай эмэгтэй чөлөөт бөхийн тамирчдын ДАШТ-нээс авсан 10 дахь хүрэл медаль болжээ.

Энэ жинд японы залуу бөх Маи Мукайда шувтаргын барилдаанд ДАШТ-ний алтан медалийн төлөө хоёр дахь удаагаа өрсөлдсөн буриад бүсгүй Ирина Ологоноваг 10-0 онооны харьцаагаар хожиж түрүүлжээ.

61 кг- ын жинд олон улсын хэмжээний мастер Т.Түвшинтулга нэгдүгээр тойрогт залуучуудын дэлхийн аварга, дагестан гаралтай азербайжаны бөх Ахмеднаби Гварзатиловт 2:12 онооны харьцаагаар дийлджээ. Азербайжаны бөх нь хагас шигшээ барилдаанд гүржийн бөх Бека Ломтазед 11:12 онооны харьцаагаар ялагдсан учир манай бөхөд дагах барилдаан хийх боломж гарсангүй.

АНУ-ын бөх Логан Жеффери Стибер нь гол өрсөлдөгчид болох оросын бөх Ахмед Чакаевийг 13:11, ираны бөх Бехнам Эшах Эхсанпуурыг 9:8, гүржийн бөх Бека Ломтазег 8:4 онооны харьцаагаар дараалан ялж ДАШТ-нд анх удаа түрүүлжээ.

61 кг 1. Логан Жеффери Стибер /АНУ/

  1. Бека Ломтазе /Гүрж/
  1. Ахмед Чакаев /ОХУ/

3. Ахмеднаби Гварзатилов /Азербайжан/

16. Түвшинтулга /”Гацуурт-Олимп” клуб, ҮБТДС,

оюутны дэлхийн аварга/

55 кг 1. Маи Мукайда /Япон, залуучуудын дэлхийн аварга/

2. Ирина Ологонова /ОХУ, ДАШТ-ний мөнгөн медальт/

3. Айым Абдильдина /Казахстан/

3. Даваасүхийн Отгонцэцэг /“Дархан-Хасу-Мегарстарс” клуб,

ҮБТДС, ДАШТ-ний мөнгө, залуучуудын ДАШТ-ний хошой

хүрэл, Азийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл

медальт/

Өнөөдөр эрэгтэй чөлөөт бөхийн 70, эмэгтэй чөлөөт бөхийн 60 кг-ын жингүүдийн барилдаан болно.

МЧБХ. Д.Өлгийсайхан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ